“Нийслэл өргөө”-гийн Б.Ганзоригийг яагаад хорьсон бэ?

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

“Нийслэл өргөө”-гийн Б.Ганзоригийг яагаад хорьсон бэ?

АТГ-аас “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригийг өнгөрсөн оны  арваннэгдүгээр сарын 8-нд цагдан хорьж, хилээр нэвтрэх эрхийг нь хаасан. Түүнийг цагдан хориод хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаарх мэдээлэл өнөөдрийг хүртэл олон нийтэд тодорхой болоогүй байсан юм.  Тэгвэл  “Нийслэл Өргөө” компанийн захирал Б.Ганзоригийн холбогдсон хэргийн талаарх баттай эх сурвалжийн зарим мэдээллийг хүргэж байна.
Төсвийн хөрөнгөөр  зарласан томоохон тендерүүдийг яаж ийгээд авчихдаг  “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзориг нь мөн АТГ-т шалгагдаж буй Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан С.Хавалын нөмөр нөөлөг дор нэлээд олон барилгын ажил авч, будлиантуулж орхижээ. АТГ-ынхан Засаг дарга асан С.Хавалыг шалгах явцад Нийслэл өргөө” компанийн хууль бус үйлдлийн сэжүүрийг атгасан аж. Тодруулбал Баян-Өлгий аймагт 2012 онд “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд  тус аймгийн 13 сумын 30 багийн байрыг шинээр бариулахаар болсон тендер зарлахад “Нийслэл өргөө” компани шалгарчээ. Тус компани  30 багийн оффисын барилгыг нэг тэрбум 504 сая 430 мянган төгрөгөөр барих санал өгч ялалт байгуулжээ. Харин тендер шалгаруулах комиссынхан эдгээр барилгыг улсын төсвийн нэг тэрбум 505 сая төгрөгийн төсөвт өртгөөр бариулах болзолтой тендер зарласан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, “Нийслэл өргөө”  1.5 сая төгрөг хэмнэхээр тендерт оролцож ялсан байгаа юм. Гэвч  “Нийслэл өргөө” компани барилгын ажлыг хангалтгүй гүйцэтгэж, энэ байдлыг нь Засаг дарга С.Хавал хайцаалан өөгшүүлж байсан баримт олдсон байна.  Тэд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтаас гадуур дур зоргоороо ажлаа гүйцэтгэж буй нэр зүүж байжээ. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар  30 барилга барих мөнгөөр ердөө 19 барилгын ажил гүйцэтгэжээ. Гэсэн ч Засаг дарга С.Хавал албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж барилгын ажлын гүйцэтгэлийг үзэж танилцалгүй 19 барилга барьсныг нь 26 болгон баталгаажуулсан төдийгүй  барилгыг хүлээлгэж өгсөн гэх  улсын комиссын акт гаргуулсан байх юм.  Засаг дарга асан С.Хавалыг өнгөрсөн оны  зургадугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан  гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн ч прокурорын хяналтад  зүйлчлэл нь  264.2 буюу албаны эрх мэдлээ хэтрүүлсэн болж өөрчлөгдөөд байна.

С.Хавалтай холбогдох энэ хэргийн сэжүүрээр  цагдан хоригдоод байгаа “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 174.2, 265.2, 261.1-т зааснаар буюу тендерт хууль бусаар шалгарсан, барилгыг гэрээнд заасан хугацаагаар ашиглалтад оруулаагүй, барилгын гүйцэтгэгчийг шалгаруулахад хуурамч бичиг баримт бүрдүүлэн санхүүжилт авсан гэх үндэслэлүүдээр шалгаж  байна.

Түүнийг шалгах болсон бас нэг үндэслэл нь Үндэсний төв архивын нэгдсэн барилгын ажлыг гүйцэтгэх тендерт хээл хахууль өгч  шалгарсан байж болзошгүй гэх асуудал аж.  Уг тендерт “Нийслэл өргөө” болон “Макс өргөө” компаниуд тендерийн материалаа ирүүлж оролцсон байна. Архивын барилга барих хяналтын төсвийг “Прожект Икс” компанийн төсөвчин 8.7 тэрбум төгрөгөөр зохиож, эксперт нь баталгаажаад байжээ. Тендерт оролцогч “Нийслэл өргөө” компани нь батлагдсан хяналтын төсвөөс нэг тэрбум төгрөгөөр бага буюу 7.7 тэрбум төгрөгөөр барилгын ажлыг гүйцэтгэх дүн ирүүлсэн байна. Ингэхдээ тендерийн үнийн дүнгээ багасгах зорилгоор тендерийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлж, илт бага үнийн санал ирүүлсэн аж. Б.Ганзоригийн гэх компани  Яармагт барьж буй архивын барилгынхаа дөнгөж 30 орчим хувийг л гүйцэтгэсэн. Харин захиалагчаас 95 хувинй санхүүжилт авчээ. Яармагт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын тендерийг авч,  төсвөөс хөрөнгийг нь гаргуулсан ч “санхүүжилт хүрэлцэхгүй” гэх шалтгаанаар гурван он дамжуулаад байгаа юм. Тэрбээр мөрдөн байцаалтаас оргон зайлж, гадаад руу гарах гэж байгаад цагдан хоригджээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж