Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон ажлаа тайлагнадаг байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдээлэл, туршлага солилцох уулзалтыг Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан өнөөдөр /2014.01.24/ Төрийн ордонд зохион байгуулав.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын даргын уриалгын дагуу Тамгын газар нээлттэй эхийн програм хангамжийг нэвтрүүлэх ажлыг 2013 онд бүрэн хэрэгжүүлсний зэрэгцээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан Улсын Их Хурлын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах арга хэмжээ авч ухаалаг төхөөрөмж хэрэглэдэг бүх хүн хууль тогтоох байгууллагаас батлан гаргасан эрх зүйн актуудыг хүссэн цагтаа нэг дороос олж авч ашиглах боломжтой болсон. Түүнчлэн Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон ажлаа тайлагнадаг байгууллагуудын хүрээнд нээлттэй эхийн програм хангамжийг хэрэгжүүлэхээр тохирсон нь энэ асуудлыг төрийн бүх байгууллагын хэмжээнд бодит ажил болгох эхлэл болсныг тэрээр дурдаад ингэснээр төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хүн хүчний нөөцөө уялдуулан зохицуулах, мэдээллийн нэг гарц, нэгдмэл сантай болох, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Мөн Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Буянцогтоо төрийн байгууллагууд мэдлэг, туршлагаа харилцан солилцдог шинэ талбар нээж байгаа нь чухал ач холбогдолтойг онцлоод оюуны өмчийн зөрчилгүй нээлттэй эхийн программ хангамж ашиглах асуудлыг Улсын Их Хурлын Тамгын газар анхлан санаачилж амжилттай хэрэгжүүлж байгаад баяр хүргэсэн юм.
Мэдээлэл, туршлага солилцох уулзалтад оролцсон 14 байгууллагын мэдээлэл технологийн 40 гаруй мэргэжилтэн Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэг, мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын бодлого, мөрдөгдөж буй дүрэм журмууд, Цахим парламентыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээлэл, Тамгын газраас оюуны өмчийн зөрчилгүй программ хангамж ашиглах нээлттэй эхийн систем нэвтрүүлсэн туршлага, ухаалаг утас, хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд зориулсан аппликейшн программууд болон цахим хуудсуудыг хөгжүүлэхийн зэрэгцээ чуулганы нэгдсэн хуралдааныг шууд дамжуулах техникийн боломжуудыг нэмэгдүүлэн хууль тогтоох үйл ажиллагааг иргэд сонгогчдод ил тод, нээлттэй болгож, сүлжээ-мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй шинэлэг шийдлүүдтэй газар дээр нь танилцаж санал бодлоо хуваалцлаа.
Уулзалтад оролцогчид хамтын ажиллагааны бүтээлч саналууд дэвшүүлэн харилцан мэдээлэл, туршлага солилцох ийм уулзалтыг сар бүр ээлжлэн уламжлал болгон зохион байгуулж, цаашид мэдээллийн технологийн бодлого, үйл ажиллагаагаа уялдуулж хамтран ажиллахаар тогтов. Мөн оролцогч байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд хандаж зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжид мэдээллийн технологийн ололт амжилт, туршлагаа хуваалцаж хамтран ажиллах, технологийн тодорхой шийдлүүдийг боловсруулах уулзалтыг оролцогч байгууллагууд ээлжлэн сар бүр уламжлал болгон зохион байгуулах, оюуны өмчийн зөрчилгүй програм хангамжийг ашиглах шийдлийг байгууллагынхаа түвшинд боловсруулан нээлттэй эхийн системийг нэвтрүүлэх, мэдээлэл солилцооны нэгдсэн системийг хамтран хөгжүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.
Уулзалтад оролцогчид Төрийн ордон, Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай танилцаж, Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэн Улсын Их Хурлын даргатай хамт дурсгалын зураг авахууллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.