2013 онд Хятад улс алтны хэрэглээгээр Энэтхэгийг гүйцэд түрүүлэн дэлхийд тэргүүлэх болсон. Энэтхэгийн хувьд алтны хэрэглээ буурсан нь алтны импортын татварыг 2%-иас 10% болгон нэмэгдүүлсэнтэй холбоотой.
Үнэт металын зах зээлийн тоглогчдын Лондонгийн ассоциаци /LBMA/ 2014 онд алтны үнийн тандалтын талаар шинжээчдийн дунд санал асуулга явуулсан байна. Санал асуулгын үр дүнд 2014 онд алтны үнэ буурах магадлалтай аж. Энэ жил нэг унц алтны үнэ дунджаар 1219 ам.доллар байна гэж санал асуулгад оролцсон 28 шинжээч үзжээ. Харин “Credit Suisse” группын шинжээч Том Кендалл нэг унц алтны дундаж үнэ 1080 ам.доллар болж сүүлийн таван жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрнэ гэж таамагласан байна. Алт нь мөнгийг инфляциас хамгаалах хэрэгсэл бөгөөд одоо ихэнх улс орнууд инфляцийн өсөлтийг барих бодлого явуулж байгаа учир алтны эрэлт буурна хэмээн шинжээчид тайлбарлаж байна.
Дэлхийн зах зээл дэх алтны үнийг ердөө 5 банк тогтоодог байдал 1919 оноос хойш үргэлжилж иржээ. Фиксинг буюу алтны үнийг тогтоохдоо Гринвичийн цагаар 10:30, 15:00-д банкууд өөрсдийн худалдан авах, худалдах үнийн саналыг худалдааны системд оруулж дараагийн 10 минутад үнэ дээр тохиролцдог байна. Алтны фиксингэд Barclays, HSBC, Bank of Nova Scotia, Societe Generale болон Deutsche Bank банкууд оролцдог бөгөөд 100 жилийн турш үргэлжилсэн энэхүү “уламжлалт” үнэ тогтоох аргыг өөрчлөхөөр дээрх банкууд хэлэлцэж байгаа юм.
Э.Од
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn