УИХ-ын баасан гаригийн буюу нэгдүгээр сарын 24-ний өдрийн чуулганаар Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэнээр Монголбанкинд алт тушаасан нөхцөлд рояльтийн татвар 2.5 хувь болон буурч байгаа юм. Монголын парламентын гаргасан энэ шийдвэр эдийн засагт сайнаар тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт найдаж байна.
Батлагдсан өдрөөсөө хэрэгжүүлж эхлүүлэхээр хуульд тусгасан бөгөөд ингэснээр Монголын эдийн засаг томоохон хөрөнгө оруулалт болж байна. Нэг үгээр хэлбэл,"Алтны хулгайг биш худалдааг дэмжсэн хууль болж чадлаа" гэж энэ хуулийг тодотгож болно. Монгол Улс 2005 онд Төв банкиндаа 25 тонн алт худалдаж авснаас хойш тийм том амжилт гаргаж чадаагүй шалтгаан нь хуулийн алдаанууд байсан гэдгийг салбарынхан нь ярьдаг. Тиймээс долларын савалгаанаас болж тогтворгүй байгаа дотоодын зах зээлд хөрөнгө оруулалт хийж, төгрөгийн ханшийг чангаруулахын тулд хөрвөх чадвартай эрдэсийг ашиглах нь зөв гэдэг дээр эдийн засагчид хүртэл санал нэгддэг билээ. Төв банкных нь алтны нөөц хэдий чинээ их байна тус улсын дотоод зах зээлд гадаад валютын ханш тогтвортой байдаг. Хэдий чинээ бага байна эдийн засаг нь ам.долларын савалгаанд өртөх нь элбэг. Тиймээс хөгжиж яваа Монгол битгий хэл өндөр хөгжилтэй АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Орос, Энэтхэг, Бразил зэрэг дэлхийн их хорийн орнууд ч алтны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах болжээ. Өнгөрсөн онд Олон улсын валютын сангаас зарсан нийт алтны 80 хувийг улс орнуудыг төв банк худалдан авсан байдаг. Тэгэхээр дэлхийн улс орнууд гадаад нөөцөө нэмэгдүүлэх замаар ийнхүү үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ хамгаалах арга хэмжээ авч байгаа нь нийт эдийн засагтаа хөрөнгө оруулах томолохон бодлогуудын нэг юм.
Өнгөрсөн жилийн зунаас эхлэн Монголын эдийн засагт сандралын сигнал дуугарч эхэлсэн. Үргэлжилсэн уналтууд салбар бүхэнд илэрч, зарим салбарын үзүүлэлт өнөөдөр ч муу байгаа. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт буурч, эрдэс баялгийн экспортын хэмжээ багассанаас болсон долларын хомсдол, ханшийн өсөлтийг тогтворжуулахад алтны үйлдвэрлэл багагүй үүрэг гүйцэтгэнэ. Тэр тусмаа эдийн засагт үүсээд байгаа эрсдлийг хохирол багатай давахын тулд хууль бусаар гадагшилж байгаа алтыг дотоодоо шингээх ёстой.
Өнгөрсөн жил таван тонн хүрэхтэй үгүй алт Монголбанкинд тушаагдсан гэсэн албан ёсны тоо баримтаас харахад үлдсэн алт нь бидний нүднээс далдуур, хууль бус аргаар харьд худалдагдсан гэсэн үг. Тэгэхээр хар захаар урсан өнгөрч байгаа алтаа авдарлахын тулд рояльти татварыг 2.5 хувь болгон буруулсан нь Монголын парламентийн хувьд хамгийн зөв шийдвэр байлаа.
Одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар алтанд ногдуулсан рояльти татвар нь 10 хувь байгаа. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад өндөр хувь авч байгаа нь эдийн засагт эрсдэл үүсгэх шалтгаан болсон. Хуулийг мөрдөхийн тулд ард түмэн амьдардаг юм биш, ард түмэнд зориулж хууль гаргадаг. Тиймээс ч энэ хууль батлагдах нь эдийн засаг болоод ард түмний амьдралын шаардлага байлаа. Хэдийгээр хууль батлагдах хүртлээ багагүй хугацааг алдсан ч гэлээ эдийн засагт цаашид том боломж авчирч байна. Алтны татварыг багасгах хууль батлагдсанаар алтны борлуулалтын орлого 1,5-2 тэрбум ам.доллараар, Монголбанк дахь алтны болон валютын нөөц жилдээ 8.5-10 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжтой юм. Нөгөө талаар олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэхийн тулд зориудаар харлуулж байгаа зарим улстөрчдийн яриа шиг энэ хууль “Оюутолгой”-д зориулагдаагүй. Тодруулбал энэхүү хуулийн зүйл заалт хамрагдаж “Оюутолгой”-д хөнгөлөлт эдлэхээр боллоо гэж хардах хэрэггүй гэсэн үг юм. Харин нэг том шаардлага нь Монголбанкинд тушаасан алтанд л энэ татварыг хэрэгжүүлэх болно. Энэ нь хилээр алтаа нууж хааж, айж сандарч гаргах шаардлагагүй байхгүй гэсэн үг.
Улс орнуудын хувьд татварын уян хатан бодлого хэрэгжүүлснээр уул уурхайгаасаа төсөөлж байснаасаа илүү их ашиг олсон байдаг. Түүнийг нь дагаад эдийн засаг хөгжиж, иргэдийнх нь амьдрал дээшилсэн байдаг. Тэгэхээр ямар ч байсан энэ хууль батлагдсанаар Монголын эдийн засагт савалгаа үүсгээд байгаа ам.долларын ханш доошлох нь гарцаагүй. “Шок”-ын хэлбэрт орчихоод байгаа эдийн засагт энэ хууль сайн эмчилгээ болно гэдэгт итгэлтэй байна.