
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд гэр бүлийн хоёр 20 жил тасралтгүй Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, мөн сүүлийн 10 жил хамтдаа амьдарсан нөхцөлд буурлуудын хэн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол тэтгэврийнх нь тодорхой хувийг үлдсэн ахмад настанд өвлүүлэх тухай зохицуулалт тусгагдаад байгаа юм. Төсөл санаачлагчдын зүгээс өвлүүлэх тэтгэврийн хувь хэмжээг 50, 70, 100 хувь хүртэл байж болно гэж хэд, хэдэн хувилбараар заагаад буй.
Гэвч хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Засгийн газраас санал аваагүй төслийг УИХ-аар хэлэлцэх нь зарчмын хувьд буруу. Хууль зөрчсөн үйлдэл болж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн , Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “УИХ-ын гишүүнийхээ хувиар долоон гишүүний хамтаар төсөл санаачилсан. Гэр бүлийн үнэ цэнийг бий болгоход төсөл ач холбогдолтой” хэмээн тайлбарлаж байв.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хууль батлагдсан нөхцөлд 76 мянган иргэн хамрагдах боломжтой гэж байна. Одоогийн нөхцөл байдлыг авч үзвэл албан бус секторт ажиллаж байгаа 340 мянган малчнаас ердөө 25 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг судалгаа бий. Тийм учраас энэхүү төслийг хэлэлцэх шатанд албан бус секторт ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг ирээдүйд тэтгэвэртэй байх тэрхүү эрх зүйн тогтолцоог бий болгохтой холбоотой нэр бүхий 26 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй хамт хэлэлцээд явах бололцоо байна уу.
Нөгөө талдаа, Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Нэрийн дансны тогтолцоонд шилжсэн хэдий ч эмэгтэйчүүд 2015 оноос, эрэгтэйчүүд 2020 оноос эхлэн тэтгэврээ тогтоолгож эхлэхэд одоогийн авч байгаа 180 мянган төгрөгийн тэтгэврээс доогуур тэтгэврийг авах нөхцөл үүсээд байна. Нийгмийн даатгалын санд төрөөс авах өр 5 их наяд төгрөг гэж байгаа. Түүнийгээ жинхэнэ утгаар нь хөрөнгө оруулалт хэлбэрээр нь хуримтлал бий болгодог тогтолцоонд шилжүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингээгүй цагт нийгмийн даатгалын сан өөрөө ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мөн байр суурь нэг байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Энэхүү төсөл нь Монголын эдийн засагтай зайлшгүй холбогдож байгаа. Үүнд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Төсөл санаачлагчийн зүгээс “Монголын нийгмийн гэр бүлийн үнэт зүйлийг бий болгох юм” гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа нь утгагүй сонсогдож байна. Суурь хуулиудаа оруулж ирээгүй, гэр бүлийн тухай хуулиар хариуцлагын тогтолцоог бий болгож өгөөгүй, хүүхдийн өмчлөлийн асуудлыг хуульчилж чадаагүй байж, гэр бүлийн үнэт зүйлийг хадгалах суурь хууль гэж ярих нь утгагүй. Дээр нь Нийгмийн даатгалын сан нь Засгийн газраас авах ёстой 5 их наяд төгрөгийн өрөө авч чадаагүй, тэтгэвэр, тэтгэмжийн сан хүндэрчихсэн байгаа. Ийм байхад Засгийн газрын гишүүн нь тооцоо судалгаагүйгээр хуулийн төсөл оруулж ирж болохгүй. МАН-ын бүлгийн гишүүд Одонтой эхчүүдэд жилд нэг удаа тэтгэлэг олгох хуулийн төсөл санаачлан УИХ- д өргөн мэдүүлсэн байтал өнөөг хүртэл хэлэлцээгүй. Мөн бид 21 мянган төгрөгийг зорилтот бүлэгт олгооч ээ гээд төсөл санаачилсан, УИХ-аар одоог хүртэл хэлэлцээгүй. Гэтэл сайд нь өөртөө таалагдсан хуулийг магш сайн хууль гэж оруулж ирдэг жишиг тогтоож байна” гэсэн юм.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Олонхи цөөнхөө хүндэтгэдэг баймаар байна. Өнөөдөр Засгийн газраас огт санал аваагүй, тооцоо судалгаагүй, өөрийн намын гишүүний, өөрийн фракцийн гишүүний санааачилсан хуулийн төслийг дараалал харгалзахгүйгээр УИХ-аар хэлэлцдэг боллоо. Асуудалд ингэж үзэмжээр хандаж болохгүй. Манай намын бүлгийн гишүүд олон хүүхэдтэй эхчүүдийг урамшуулах, цалин олгох, алслагдсан аймгуудын иргэдэд бүсийн нэмэгдэл олгох тухай, НӨАТ-ын босгыг 200 сая төгрөг болгох тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн бариад удаж байгаа боловч өнөөг хүртэл хэлэлцүүлэхгүй байна. Цөөнхийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцдэггүй мөртлөө сайдын санаачилсан хуулийг хэлэлцэх нь зөв юм уу. Эхчүүдэд цалин олгох тухай хуулийн төслийг хэлэлцүүлье гэж УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр саналаа хэлэхэд УИХ-ын дарга "Энэ чинь мөнгөтэй холбоотой хууль" гээд хойш тавьсан. С.Эрдэнэ сайд аа, та МАН-ын бүлгээс санаачилсан Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах тухай хуулийн төслийг дарахын тулд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Та хэвлэлийн бага хурал дээрээ манай бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслийг батлагдахгүй гэж хэлсэн. Ийм байдлаар асуудалд үзэмжээр хандахаа болих хэрэгтэй. Тиймээс МАН-ын бүлэг Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар Засгийн газраас тооцоо судалгаа иртэл нь завсарлага авч байна" гэсэн юм.
МАН-ын бүлгийн завсарлагын хугацаа тав хоног үргэлжилнэ.
Ийнхүү Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл дээр цөөнхийн бүлэг завсарлага авсны дараа УИХ-ын дарга үдээс өмнөх чуулганы хуралдааныг завсарлуулж байгаагаа мэдэгдэв. Үдээс хойшхи чуулганы хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.