Улсаа бодох уу, улстөржсөөр байх уу гэсэн асуултад хариулт олохоор УИХ хичээж байна. Дөнгөж өчигдөр анхны хэлэлцүүлгийг нь хийсэн Ашигт малтмалын тухай хууль бол энэ асуултын гол хариулт нь. Засгийн газраас өргөн барьсан энэ төслөөр Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож бууруулах юм. Нэг талдаа татварын хөнгөлөлт эдлүүлэх гээд байгаа боловч нөгөө талдаа байгалийн нөхөгдөшгүй баялаг болох алтаа Монголдоо авч үлдэх агуулгатай гэж Засгийн газар тайлбарлаж байгаа. Тэднийхээр бол энэ хуулийг баталсан тохиолдолд Монголбанкинд сүүлийн таван жилд тушаагдсан алт ганцхан жилийн дотор ороод ирэх боломжтой аж. Одоо жилд ойролцоогоор долоон тонн алт л Төв банкинд тушаагдаж байгаа нь 24 тонн болтлоо өснө гэсэн үг. Харин сөрөг хүчин Оюутолгой зэрэг томоохон компаниудад татварын хөнгөлөлт дахин эдлүүлэх боломжийг энэ хуулиар нээж өгөх гэж байна хэмээн хардаж байгаа. Ямар боловч алт тойрсон энэ асуудал Монголд төдийгүй дэлхийд халуун сэдэв болж байгаа ажээ. Улс орнуудын эдийн засгаа хүчирхэгжүүлэх нэг хэрэгсэл нь алт байдаг учраас л дэлхийн томоохон гүрнүүд шар металлын нөөцөө нэмэгдүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг тогтворжуулах зорилгоор уралдаж байна. Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн алтны нөөцийн талаар тойм мэдээлэл хүргэе.
Дэлхийн алтны нөөцийн ихэнх хувь АНУ-ын Холбооны нөөцийн сангийн агуулахад хадгалагддаг. Одоогийн байдлаар тус агуулахад 8133.5 тонн алт буюу 540 мянган алтан гулдмай хадгалагдаж байна. Холбооны нөөцийн сан дахь алтны 98 хувь нь өөр орнуудын Төв банкны өмч аж. Харин үлдсэн хоёр хувь нь л АНУ-ын өмч юм байна.
АНУ-ын мөнгөн тэмдэгт болох ам.доллар яаж дэлхийн гол валют болж, үнэ цэнтэй болсон талаар нэгэн сонирхолтой баримтыг танилцуулъя. 1993 оны үед АНУ мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг чангаруулах хуулийн төслийг баталжээ. Энэ нь 100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний алтыг хувь хүн, аж ахуйн нэгж эзэмшвэл 10 мянган ам.доллараар торгох, эсвэл 10 жилийн ял оноох тухай хууль байв. Энэ хууль батлагдсаны дараа Америкийн Холбооны нөөцийн сан дахь алтны нөөц хэд дахин өсч, тэр хэрээр мөнгөн тэмдэгтийнх нь ханш чангарсан түүхтэй.
Герман
Герман улс алтны нөөцөөрөө дэлхийд АНУ-ын дараа ордог. Тус улс одоогоор 3396.3 тонн алтны нөөцтэй. Энэ их баялгийнхаа дөнгөж 31 хувийг Герман өөртөө буюу Холбооны банкиндаа хадгалдаг. Харин нийт алтны нөөцийнхөө 45 хувийн АНУ-д, 11 хувийг Францад, 13 хувийг Их Британид хадгалдаг байна. Ийнхүү Германы Холбооны банк эхэндээ алтны нөөцөө аюулгүй байдлыг нь бодож хэд хэдэн улс, оронд тараан байршуулсан ч өдгөө энэ нь тийм ч зөв шийдвэр биш байсан хэмээн үзэх болжээ. Гадаад дахь алтны нөөцөө эргүүлэн татахаар болоод байгаа нь үүний баталгаа. 2013 оноос Герман улс өөрийн алтны нөөцийг хадгалах бодлогод өөрчлөлт оруулан хилийн чинадад хадгалагдаж байсан хэсгийг нь эх нутагтаа авчрахаар шийдвэрлэсэн. Ингээд Францад байгаа бүх алтаа, АНУ-ын Холбооны нөөцийн санд буй зарим алтаа авахаа мэдэгдсэн.
Олон улсын валютын сан
Дэлхийн алтны нөөцийн 2814.5 тонныг Олон улсын валютын санд байршуулсан байдаг.
Хятад
Хятад улс сүүлийн жилүүдэд алтны нөөцөө эрчимтэй өсгөж байгаа орнуудын нэг. Тус улс нийт 1054.1 тонн алтны нөөцтэйгөөс 620 тонныг буюу 58.8 хувийг Хятадын Ардын банкинд /Төв банк/ байршуулсан байдаг. Хятад улс 2014 оны дөрөвдүгээр сард алтныхаа нөөцийг 5000 тонноор өсгөж дэлхийд хоёрдугаарт буюу АНУ-ын дараа бичигдэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тухайгаа мэдэгдсэн. Тус улсын алтны нөөцөө эрчимтэй нэмэгдүүлж байгаа нь үндэсний мөнгөн тэмдэгтээ олон улсын ¹1 валют болгох зорилготой нь холбоотой хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байгаа билээ. Мөн Хятад улс дэлхийд гадаад валютынхаа нөөцөөр нэгдүгээрт бичигддэг бөгөөд энэ нь дэлхийд эрх мэдлээ тогтоох “зэвсэг” болж өгдөг.
ОХУ
ОХУ дэлхийд алтны нөөцөөрөө эхний аравт бичигддэг бөгөөд нөөц нь 936.7 тонн байгаа юм. Үүнээс 668 тонн буюу нийт алтны нөөцийнхөө 71.3 хувийг Төв банкиндаа байршуулсан байдаг.
Энэтхэг
Энэтхэг улс сүүлийн таван жилийн турш алтны нөөцөө эрчимтэй нэмэгдүүлж байгаа юм. Олон улсын шинжээчид Энэтхэгийг ойрын 10 жилд дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэгч орны нэг болно хэмээн таамаглаж буй. Энэтхэг 557.7 алтны нөөцтэй. Үүнээс 357.7 тонн буюу 64 хувийг улсынхаа Төв банкинд хадгалдаг.
Монгол
Монгол Улс газрын хөрсөндөө 513 тонн алтны нөөцтэй гэх таамаг бий. Гэвч энэ нь албан бус мэдээ бөгөөд нийт алтны нөөцийн албан ёсны тоо баримт байдаггүй. Монголбанк сүүлийн таван жилд 28.2 тонн алт худалдан авсан мэдээ л бий. Үүнээс долоон тонныг нь өнгөрсөн онд худалдан авсан юм. Хэрэв энэ үзүүлэлтээр авч үзвэл манай улс нийт алтны нөөцийнхөө 5.1 хувийг Төв банкиндаа байршуулсан гэсэн үг.
Дээр дурдсан дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч таван орны жишгээс харвал, улс орон бүр нийт алтны нөөцийнхөө 50-аас дээш хувийг өөрийн Төв банкиндаа байршуулжээ. Төв банкин дахь алтны нөөцөө нэмэгдүүлэх нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулж, тухайн улсын эдийн засгийн нөлөөллийг нэмэгдүүлэх гол хөдөлгүүр болдог.
Хүн төрөлхтөний түүхэнд нийт 166 мянган тонн алт олборлосон байдаг. Одоогоор нөөц нь тогтоогдсон 50 мянган тонн алт байгаа хэмээн Дэлхийн алтны холбоо мэдэгдсэн байдаг. Дэлхий дээр жилд дунджаар 2500 тонн алт олборлодог. Үүний дийлэнх хэсгийг буюу 640 тонныг Ази тивийн газар нутгаас олборлодог аж. Тодруулбал, Хятад 13, Индонез тав, Узбекстанаас дөрвөн хувийг тус тус олборлодог байна.
Дэлхий дээр жилд олборлосон нийт алтыг /2500 тонн/ дөрвөн гол зориулалтаар ашигладаг. Үүний 52 хувийг гоёл чимэглэл хийхэд, 12 хувийг технологийн салбарт, 18 хувийг хөрөнгө оруулалтын салбарт, 17 хувийг Төв банкуудад байршуулдаг. Үлдсэн хоёр хувийг нь бусад зориулалтаар ашигладаг байна. Алтны нөөц өсгөх нэн чухал хүчин зүйл нь хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн оруулж байгаа хөрөнгө оруулалт байдаг. Мөн жил бүр 1650 тонн алт эргэлтэд орж байдаг.