Поп од Жастин Бибер сүүлийн үед шүүх, цагдаагийнхантай сүжрэх болжээ. Тэрээр хөршийнх рүүгээ өндөг шидэж танхайрснаас торгуулж, цагдаа нар гэрт нь нэгжлэх хийх үеэр сайн найзынх нь хэрэглэж байсан мансууруулах бодис илэрч дуулиан дэгдээсэн билээ. Гэвч энэ бүхэн үүгээр дууссангүй Жастин Бибер согтуугаар жолоо барьж, бусадтай уралдсанаар шүүхэд дуудагдсан байна. Тэрээр өчигдөр өглөө /I.23/ Майамийн эргийн гудамжаар шар өнгийн “ламборжини” автомашинаараа өөр нэгэнтэй уралдаж байгаад цагдаад баривчлагдсан аж.
Майамийн шүүхээс мэдээлснээр Жастин Бибер хүчингүй болсон жолооны үнэмлэхтэй, согтуугаар хөдөлгөөнд оролцож, хурд хэтрүүлэн бусадтай уралдсаны дээр хууль сахиулагчдын эсрэг эсэргүүцэл үзүүлсэн гэх хэргүүдэд буруутгагджээ. Гэхдээ тэрээр 2500 ам.доллар төлж, батлан даалтанд суллагдсан байна.
Түүнчлэн Жастинтай уралдаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн “феррари”-гийн эзэн болох “R&B” дуучин Халил Шариф ч мөн батлан даалтаар суллагджээ.
Б.АНХТУЯА