Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны долдугаар сарын 1-н хэмээн заасан. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс тавьж байгаа нөхцлөөр хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих нь туйлын зөв алхам болно. Чингэж байж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ухаалаг төр бодитой хэрэгжинэ хэмээн тус бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн юм.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэгт М.Батчимэг гишүүнээс эхлээд сайдуудын давхар дээлийг нь тайлуулчих сонирхолтой гишүүд цөөнгүй байсанд тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэрэг бишдэв гэж үзсэн бололтой, тав хоногийн завсарлага хүсч,давхар дээлийг тайлуулахын эсрэг хамгаалалт тавьж амжив.
Засгийн газрын сайдууд давхар дээлээ тайлах сонирхол тун ч бага байна даа. Энэ янзаар ирэх 2016 оны сонгуульд Ардчилсан нам дахиад ялбал одоогийн сайдууд “Давхар дээлээ тайлахгүй” гээд гүрийх юм шиг байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн энэхүү давхар дээлийг тайлуулах хуулийн төслийг өмнө нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед их сонин, сонин саналууд дэмжлэг авсан. Болж өгвөл Засгийн газрын гишүүдийн 50 орчим хувь нь парламентаас сонгогдох боломжтой байхаар. Уг нь бол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ асуудлаар их зөв байр суурь илэрхийлсэн байсан, Засгийн газрын танхимыг бүгдийг парламентаас гадна сонгох ёстой гэж… Даанч ийм эр зориг улстөрийн хүчнүүдэд алга даа.