Хуулийг батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Хуулийг батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх ёстой гэв

УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байхыг хязгаарлах, 50 хувьд хүргэх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо хэлэлцэж байна. Гишүүдийн хувьд хоёр өөр санал дээр зөрөлдөж байгаа нь хуулийг хэрэгжүүлэх хугацааны тухай асуудал юм. Гишүүн С.Ганбаатар “яг яагаад хуулийг хэрэгжүүлэх хугацааг нь хойш нь тавиад байгаа юм бэ. Үндэслэл нь юу вэ” гэсэн юм.

Байнгын хорооны дарга А.Бакей “Гүйцэтгэх засаглал нь тогтвортой ажиллах нь улс орны эрх ашигтай холбоотой. Хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын эрх мэдлийн асуудал байгаа. Засгийн газрын бүх гишүүн биш тодорхой тооны гишүүд нь УИХ-ын гишүүн байж болохыг байнгын хорооны олонхийн саналаар дэмжээд байгаа”

Хугацааг 2014 оноос мөрдөж болохгүй гэдгийн хариу нь “тогтвортой байдал” хэмээн ийн хариулсны дараагаар гишүүн М.Батчимэг “тогтвортой байдлыг бий болгох бусад арга хэрэгслийг яагаад ашиглахгүй байгаа юм бэ. Төрийн албаны хуулийг шинэчлэх асуудал яагаад удаашраад байгаа юм бэ. Төрийн алба л тогтвортой байж улс орон тогтвортой байдаг биз дээ. Туршлага мэдлэгтэй хүн маань засгийн газрын энэ хэдэн хүнээр дуусчихгүй. Ардчилсан нам эрх барьж байгаа намын хувьд боломжийг ашиглах ёстой. Ер нь танхимд орж ирээд л харахад сайд нарын суудал эзгүй байдаг шүү дээ” гэв.

А.Бакей үүнд нь “2016 онд ямар ч засаг гарсан Монгол Улсын хуулийн дагуу бүтцээ бүрдүүлнэ. Эрх баригчдын суудал хоосон байгаа асуудал нь тухайн хувь гишүүний ёс зүй, хувийн зохион байгуулалттай л холбоотой” гэв.

Гишүүн С.Бямбацогт “Ухаалаг төр лүү явах ёстой. УИХ-ын гишүүн нь сайдын албыг давхар хаших нь болих ёстой гэдэгт бүгд л санал нэгтэй байна. Гол нь хугацааны хувьд л санал зөрөлдөж байна. Буруу зүйлийг эрхтэн засаад явчихаж болдоггүй юм уу. Хоёрхон хоногийн өмнө хийгдсэн судалгаагаар УИХ маань иргэдийн итгэлийг алдах аюултай түвшинд байна гэх дүн гарч. Итгэлийг нь алдаж, нэр хүнд маань унаж. Иймд бид хариуцлагатай хандах ёстой. Өнөөдөр УИХ-ын гишүүний нэр хүнд унаад байгаагийн шалтгаан нь 76 гишүүний арван хэд нь сайд байгаагаас болж байна. Хуралдаа суухгүйгээс ирц хүрэхгүй байна. УИХ нь хууль тогтоогчид шиг, Засгийн газар нь гүйцэтгэгчид шиг баймаар байна. Гэтэл өнөөдөр гүйцэтгэгчид маань хуулиа гаргаж, хэрэгжүүлэхэд хяналт тавьж чадахгүй байна” гэв.

Байнгын хороог төлөөлөн А.Бакей “УИХ-ын нэр хүнд унаж байгаа асуудалд бид бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой. Эрх баригч ч , сөрөг хүчин ч, сонгогдсон гишүүн бүр нэр хүнд унаж байгаад хувь нэмрээ оруулсан” гэсэн байна.

Н.Энхболд “Сайд нарыг санал өгөх эсэх сонирхлын зөрчлийн хувьд, Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Р.Амаржаргал өмнө нь Ерөнхий сайд болох эсэх санал хураалтанд сонирхлын зөрчил үүснэ гээд л оролцохоос татгалзаж байсан шүү дээ. Болохгүй байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа хэрнээ, за яах вэ энэ болохгүй зүйлтэйгээ дахиад 2,6 жил явна гэдэг нь байж болох зүйл үү” гэсэн юм.

Хариуд нь Р.Гончигдорж “2016 оны сонгуулийн дараа хууль хэрэгжүүлэх гэдэг нь хариуцлагатай улс төрийн намуудад цэгцлэх хугацаа өгч байна шүү. Намууд хэнийгээ УИХ-д нэр дэвшүүлж, хэнийг сайд болгоно гэж үлдээх вэ гэдгээ бодолцох боломж өгнө шүү дээ” гэсэн юм.

Хуралдаан үргэлжилж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж