УИХ-ын дарга З.Энхболд “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулганд оролцож үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболд “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулганд оролцож үг хэллээ

Хүний эрхийг дээдлэх, хуулийн засаглалыг тогтоох нь нийгмийн үнэт зүйл, баримтлах үндсэн зарчим юм

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Хадагтай, ноёд оо

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулганы үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, чуулганы үеэр хэлэлцсэн сэдвүүдээр санал бодлоо илэрхийлж, санаачилгатай ажилласанд талархлаа илэрхийлье.

Монгол Улс 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдлэхийг зорилго бүхий шинэ Үндсэн хуулиа зарлан тунхагласан билээ.

Үндсэн хуулийн энэ зорилгыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж шударга ёсонд суурилсан хуулийн засаглалыг тогтоох үйл явц 21 жилийн дараа илүү хүчтэй өрнөж байна.

Хоёр жилийн өмнө зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” анхны чуулганы үеэр чуулганы төлөөлөгчдийн гаргаж байсан олон чухал санал, санаачлагууд төрийн хууль боллоо.

УИХ шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэлийн эрх зүйн орчинг бүрдүүлж, Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын болон Эвлэрүүлэн зуучлалын тухай багц 6 хуулийн төслийг 2012 оны намрын болон ээлжит бус чуулганаар баталсан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлан хэрэгжүүлж эхэлснээр төрийн байгууллага, түүний удирдах албан тушаалтнууд болон төрийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэхдээ хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавих, авлига, хээл хахуулиар албан тушаалтныг томилох, албан тушаалын эрх мэдлээ хувьдаа ашиглах, өөртөө болон ашиг сонирхол нэгтнүүддээ давуу байдал олгох зэрэг шударга бус байдлыг арилгах нөхцөл бүрдэж байна.

Гэвч цаашид нийгэмд шударга ёсыг төлөвшүүлэн бэхжүүлэх, хууль сахиулах байгууллагуудын эрх зүйг зохицуулалтыг боловсронгуй болгох, хуульчдын мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулахад анхаарах зүйл багагүй байна. Юуны өмнө шүүгч, мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулах бусад ажилтны хууль хэрэглэх ур чадвар, мэргэжлийн боловсролыг нийгмийн шаардлагад нийцүүлж, богино хугацаанд дээшлүүлэх шаардлагатай байна. Улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлийг дагаж хууль тогтоомжийн зохицуулах асуудлын хүрээ түргэн өөрчлөгдөж, илүү өргөн болж байна. Зөвхөн процессийн хуулийн хүрээнд биш, материаллаг хэм хэмжээг бүхэлд нь харж, хэрэг маргааны шийдвэрлэхэд анхаарах цаг болжээ.

Улсын Их Хурлын 2013 оны хаврын энэ ээлжит чуулганаар хууль сахиулах тогтолцоонд хийх шинэтгэлийг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн алба, Маршалын алба болон Мөрдөх албаны тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай зэрэг хуулиудын төслийг Улсын Их Хурал батлахаар хэлэлцэж байна.

Монгол Улсын шүүх, хууль сахиулах байгууллагын ажилтан, ажиллагсад, иргэний нийгмийн болон төрийн албаны төлөөлөгч та бүхэн энэ удаагийн чуулганаараа “Хуулийн засаглал ба шударга ёс” үндсэн сэдвийн хүрээнд гэмт хэрэг зөрчлийн материаллаг хэм хэмжээ, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд хийх өөрчлөлт шинэчлэл, авлигатай тэмцэх стратегийг тодорхойлох, авлигын талаарх иргэдийн боловсролыг дээшүүлэх зэрэг олон чухал асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж үнэтэй саналуудыг гаргалаа.

Ялангуяа хууль сахиулах тогтолцоонд томоохон өөрчлөлт хийж, түүний дэд бүтцийг боловсронгуй болгох чухал хуулиудыг Улсын Их хурлаар батлах гэж байгаа энэ цаг үед чуулганаас гарах зөвлөмж, гаргасан саналууд нь хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдэд болон цаашид Улсын Их хурлаар батлагдах олон хуулиудыг чанаржуулахад үнэтэй хувь нэмэр оруулнэ гэдэгт итгэлтэй байна.

Саяхан манай оронд болж өнгөрсөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн орнуудын сайд нарын долдугаар бага хурлын үеэр бид авлигатай тэмцэх асуудалд тэргүүлэх ач холбогдол өгж ажилласнаа, мөн тодорхой амжилтад хүрч байгаагаа тайлганаж, Парламентийн гишүүд ёс зүйтэй байж, улс орнууд хамтран ажиллахын ач холбогдлын талаар хэлэлцсэн.

Улсын Их Хурал хууль тогтоох үйл ажиллагааг иргэд олон нийтэд нээлттэй болгох ажлыг эхлүүллээ. Чуулганы уйл ажиллагааг телевизийн 3 сувгаар, интернетээр чөлөөтэй узэж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүдээс өгсөн санал нээлттэй болсон. Үр дүнд нь иргэд парламентын үйл ажиллагаанд хяналт тавих нөхцөл бүрдэж байна.

Хуулийг таниулах, ойлгуулах, сурталчлах ажлыг илүү эрчимжүүлэх хэрэгтэй байна. Улсын Их Хурал батлагдсан хууль тогтоомжийг албан ёсоор нийтлэдэг Төрийн мэдээлэл эмхэтгэлийг интернетээс үнэ төлбөргүй авах боломжтой болгосон.

Хуулийн дагуу бусад яам, агентлагаас батлан гаргаж байгаа хэм хэмжээ тогтоох дүрэм, журмыг хэрэглэхэд ойлгомжтой хэлбэрээр гаргах, тэдгээрт хуулиас давсан хэм хэмжээг агуулаагүй байхад анхаарч, тэдгээрийг нийтэд ил тавьж, нээлттэй болгож чадвал хүнд суртал, чирэгдэл багасна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их хурлын 2013 оны хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн үгэндээ авлига гэдэг мөсөн уулын дөнгөж орой нь цухуйж байна гэж бидний цаашид хийх ажлын ихийг сануулж хэлсэн үгийг та бүхэн санаж байгаа байх. Авлигатай тэмцэхэд хууль, шүүх, иргэний нийгмийн байгууллага, иргэн бүрийн оролцоо чухал байна.

Хуульчийн ёс зүй тунгалаг, төрийн албан хаагчид ашиг сонирхлын зөрчилгүй байхыг иргэд шаардаж байна. Хуулийг дээдэлж чадвал авлигаас, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх бүрэн боломжтой.

Авлигын эсрэг үзэл санааг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх ажлыг улам эрчимжүүлж, оновчтой зохион байгуулах шаардлагатай. Иргэд эдлэх эрхээ мэддэг, боловсролтой байвал төрийн албан хаагчид, албан тушаалтнуудад албан тушаалаа урвуулах боломж олдохгүй.

Эрхэм төлөөлөгчид өө,

Хүний эрхийг дээдлэх, хуулийн засаглалыг тогтоох явдал манай нийгмийн үнэт зүйл, баримтлах үндсэн зарчим юм. Хууль дээдлэх ёсыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшил болгох үйл хэрэгт манлайлагчид нь байхыг та бүхнээс уриалж байна. Та бүхэнд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2013.05.17

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж