&#34Аса&#34 циркийн алиалагч болооч, Д.Сумьяабазар гишүүн ээ

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

&#34Аса&#34 циркийн алиалагч болооч, Д.Сумьяабазар гишүүн ээ

-Хаашаа явах уу?

-Цирк рүү.

-Ямар цирк?

-АСА цирк рүү.

-Тэр ч одоо цирк байхаа өнгөрсөн байх аа. Хажуугаар нь гарахаар баахан л дэлгүүр, хоршоо байх юм байна шүү дээ. Уг нь биднийг хүүхэд байхад ёстой сайхан газар байсан юм. Манайхан ч юмыг бас яаж устгахаа мэддэг улс даа.

Энэ бол таксины жолооч бид хоёрын яриа. Зам, зорилго хоёр “АСА” циркийн зүг хөтлөх үед иймэрхүү яриа болох нь элбэг. Ахимаг насны жолоочид зорчигчтойгоо сууснаас нь эхлээд буух хүртэл элдвийг ярих нь бий. Тэр дундаа эмзэглэсэн, санагалзсан, халагласан бүхнээ “А”, “Б”-гүй тоочиж, үр хүүхдийнхээ тухай ч үнэнийг хүүрнэх нь олон. Тэдний үг олонхийн эрх ашгаас хол очиж буух нь үгүй тул бичлэгийн шинэ санаатай таксины хаалгыг хаах нь цөөнгүй.

“Нээрээ тийм дээ” гэсэн хүлцэх сэтгэл төрөх үе ч нэлээдгүй. Тэрхүү эгэл хэрнээ үнэн үгсийн нэг нь дээрх ишлэл. Гол нь цирктэй холбоотой гомдол зөвхөн бид хоёрынх биш. Бүх монголчуудынх. Тиймээс ч “Ард түмний циркийг “АСА цирк” залгичихлаа даа” гэсэн нэхэл хатуутай гомдол өнөөдрийг хүртэл үргэлжилж буй. “Циркийг хувьчиллаа” гэсэн 2007 оноос л энэ гоморхол өрнөж байгаа. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Г.Уянга “Циркийн барилга бол Монгол Улс дахь цорын ганц зориулалтын байгууламж. Ийм байгууламж дэлхийд ч цөөхөн байдаг гэх тооцоо бий. Үүнтэй холбоотойгоор өмч хувьчлалын асуудлыг эргэж хөндөх талаар иргэдээс удаа дараа санал ирж байна. Циркийн урлагийг хөгжүүлэхээс илүүтэй зөвхөн бизнесийн зориулалтаар ашиглаад байх юм. Өмч хувьчлал нь хэрхэн зөв шударга явагдсан эсэхийг нь эргээд нягтлах боломж байна уу” хэмээсэн. Г.Уянга гишүүн рүү бичигдсэн гомдлууд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийг ч орхидоггүй гэдгийг тэрбээр түүний асуултад өгсөн “Циркийн хувьчлалын асуудалд манай яамыг оролцооч гэсэн хүсэлтийг манайд их тавьдаг” гэх хариултаараа нотолсон.

Тэгвэл яг энэ гомдол УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарт ирдэг болов уу. Хэрэв ирдэг бол тэрбээр ямар хариу өгдөг юм бол. Яг энэ асуултад өнөөдөр Д.Сумьяабазар гишүүнээс хариулт нэхье. Учир нь тэрбээр “АСА цирк”-ийн эздийн нэг. Дугуй циркийг “АСА” болгож, жүжигчин морьдынх нь зүчээг авто угаалгын газар болгосон хүн. Хүүхэд багачуудын баярлаж хөөрдөг байсан ордныг “IT WORLD” гэх компьютерийн дэлгүүр,  “IT MOBILE” гар утасны худалдааны төв болгож хувиргасан. Өөрийн хувь эзэмшдэг тэнд Хөрөнгө оруулалтын банкийг Голомт банктай хаяа дэрлүүлэн байршуулсан. Үүгээр ч зогсохгүй ааруул хурууд заруулахаас эхлээд автомашины худалдааг ч хашаанд нь эрхлүүлж буй. Энэ бол сүүлийн дөрвөн жилийн үр дүн. Энэ талаар нь тодруулга авч “Циркийн урлагийг ингээд л устгачихаж байгаа юмуу” гэсэн асуулт тавьсан сэтгүүлчийг ээжээрээ зад загнуулчихна. “Бид хувийнхаа хөрөнгийг яаж өөрчилж, хаана юу хийх нь та нарт хамаагүй биз дээ. Хөрөнгө оруулах гээд байгаа юм уу. Энэ чинь хувийн өмч. Хэн ч халдашгүй дархан эрхтэй шүү, бид нар” гэх мэтээр.

Уг нь анх менежментийн гэрээгээр хувьчилж авахдаа бол олон гоё үүргийг хүлээсэн байдаг. Оновчтой, тодорхой болгох үүднээс нь бүгдийг нь тоочвол “Үндсэн үйл ажиллагаа чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй. Үндсэн хөрөнгийн ашиглалтыг зориулалтын дагуу сайжруулах. Циркийг урлагийн урын санг баяжуулан, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх, үйлчлэх хүрээг талах. Хүний нөөцийг хөгжүүлэх, ажилтнуудын нийгмийн халамжийг сайжруулах. Соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах” гэсэн байгаа. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ. Дэлхийд “АСА циркийг мэдэх үү”, “Циркус Монголиа Хадгаа” циркийг мэдэх үү” гэхэд хоёр дахийг нь л сонгоно. Учир нь “АСА” цирк нь Монголдоо ааруул, хурууд заруулсан шигээ сул зогсолт хийж байгаа. Эс бол оройн цагаар томчуудад зориулсан урлагийн тоглолт хийсэн шиг. Харин “Циркус Монголиа Хадгаа” нь олон улсад Монголын нэр хүндийг гаргаж, дэлхийн уралдаан тэмцээнээс шагнал “түүсээр” яваа. Энэхүү хоёр өөр харьцуулалтын үр дүн бол өнөөдөр Монголын циркийн урлагийг Монголоос нь зугтаалгах үндсэн том хүчин зүйл нь болсон “АСА” циркийн учруулсан балаг. Ийм гай барцад учруулсныхаа төлөө УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар та алдартнуудыг алдаршуулж, авьяастнуудыг хөглөж чадахгүй бол өөрөө алиалагч болбол яасан юм бэ. Тэгээд ч УИХ-ын танхимд “Хүүхдүүдийг хохироож болохгүй. Хүүхдийг хайрла” гэх мэт хий хоосон яриа лоозон ярьчихаад бодит байдал дээр хүүхдийн дурладаг урлагийн хамгийн онцгой сайхныг нь устгаж болохгүй шүү дээ, та.

Г.ОТГОНЖАРГАЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж