УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монголын алт Монголбанкинд тушаагдах ёстой. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын лобби явж байна гэж яриад байна. Энэ бол буруу. Хэсэг бүлэг хүмүүс Монголын алтыг ухаж аваад гараад явдаг тохиолдол олон байна. Тиймээс энэ хуулиар Монголбанкны алтны нөөцийг бүрдүүлэх боломж бүрдэж байна. Тиймээс хуулийн төслийг дэмжиж байна. Биет ба биет бус алт гэдгийг тодруулж өгөөч” гэсэн асуултад ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат “Эдийн засаг хүнд байна. Дэлхийн эдийн засаг ч хүндрээд байна. Өнөөдрийн байгаа байдлаар тааруулж ажиллаж ёстой. Доллар 1700 гарчихсан, алт нь далд байдалд орсон энэ байдлыг удаан хугацаагаар үргэлжлүүлж болохгүй. Энэ хууль батлагдсаны маргаашнаас эхлэн долларын ханш буурч эхэлнэ” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Энэ хуулийн ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин бодлогын хувьд савлаж байна. Асуудлыг шийдэхийн тулд тооцоо, судалгаан дээр суурилсан нь дээр. Хууль батлагдсанаар хоёр тэрбум долларын ашиг олно гэсэн баталгаатай юу. Мөн "Оюутолгой"-д энэ хууль үйлчлэх үү” Б.Гарамгайбаатар “МАн-ын бүлэг дэмжиж байгаад талархаж байна. Энэ хууль эдийн засагт ач холбогдолтой хууль юм. “Оюутолгой” ХХК энэ хуульд хамаагүй бөгөөд бусад компаниудад дэмжлэг үзүүлж, Монголбанкинд тушаалгахаар тусгасан” гэлээ.
Гишүүд асуулт, асууж дууссаны дараа байнгын хорооны зарчмын зөрүүтэй дэмжигдсэн таван санал, дэмжигдээгүй хоёр санал тус бүрээр санал хурааж, хуулийн төслийг Эцсийн хэлэлцүүлэгт бүлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг чуулганы хуралдаанаар дэмжлээ.