Азийн шигшээд багтсан жүдочид эх орноосоо мордлоо

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Азийн шигшээд багтсан жүдочид эх орноосоо мордлоо

ОХУ-ын Тюмень хотноо болох жүдо бөхийн Ази болон Европ тивийн багийн шилдгүүдийн халз тоглолтод оролцох Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Д.Сумъяа нар эх орноосоо  мордлоо. Ази болон Европ тивийн шилдэг жүдочдын барилдаан маргааш /I.24/ эхэлнэ.  Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд тамирчид халз барилдаан хийж, багийн дүнгээр аваргыг тодруулах юм. Дэлхийд гутал үйлдвэрлэлээр тэргүүлэгч “ECCО” компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа энэхүү “Judo Team Challenge: Europe vs Asia” тэмцээнд зөвхөн олимп, дэлхийн медальтнууд оролцох юм. Шагналын сан 128 мянган ам.доллар юм.

Италийн дасгалжуулагч Эцио Гамбагийн удирдсан Европын багт Ева Черновицки (Унгар), Арсен Галстян (Орос), Андреа Читу (Румын), Георгий Зантарая (Украин), Тельма Монтейро (Португал), Декс Эльмонт (Нидерланд), Ярден Жерби (Израиль), Автандил Чрикишвили (Гүрж), Ким Поллинг (Нидерланд), Варлам Липартелиани (Гүрж), Абигель Йоо (Унгар), Хенк Грол (Нидерланд), Люция Полавдер (Словен), Адам Окруашвили (Гүрж) нар багтсан байна.

Харин Азийн жүдогийн нэгдлийн захирал Армен Багдасаровийн удирдсан Азийн шигшээ багт Мөнхбатын Уранцэцэг (Монгол), Наохиса Такато (Япон), Юки Хашимото (Япон), Азамат Муканов (Казахстан), Доржсүрэнгийн Сумьяа (Монгол), Хашбаатарын Цагаанбаатар (Монгол), Кана Абе (Япон), Яхё Имамов (Узбекистан), Ким Сон-Ен (БНСУ), Кю Вон-Ли (БНСУ), Гьон-Ми Чжон (БНСУ), Соиб Курбонов (Узбекистан), Ли Юнг-Юн (БНСУ), Юрий Краковецкий (Кыргызстан) нар барилдана.

Энэхүү тэмцээнийг анх удаа санаачлан зохиож байгаа бөгөөд “ЕССО” компани жил бүр уламжлал болгон зохиохоор болсон байна. 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж