Охид хүчирхийллийн бай биш

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Охид хүчирхийллийн бай биш

Охид…

Тэд хөвгүүдээс биеийн өндөр, жин, хэл яриа, хүсэл сонирхол, бие махбодь гээд олон зүйлээрээ эрс өөр. Харин хөвгүүдийн адил, бусдын адил зүрх сэтгэлтэй, хайрлуулах эрхтэй. Эр, эм ялгаагүй хүн бүхэнд зүрх, сэтгэл, хайрлаж, хайрлуулах эрх бий.

Гэхдээ эрчүүд тэдний цэцэг, цэврүү шиг биед нь зөвшөөрөлгүй хүрч, охин насанд нь хүчирхийллийн сүүдэр тусгах эрхгүй. Тиймээс ч охидын эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор “Гүнж” төв, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ хамтран “Охид хүчирхийллийн бай биш” сэдэвт кампанит ажлыг гуравдугаар сарын 8-ныг хүртэл өрнүүлэхээр болжээ. Энэхүү аяны хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн.

Мөн “Охидын эрхийн дуу” бүтээжээ. Тус уран бүтээлийг дуучин Д.Маралжингоо болон “Honeymoon” хамтлаг дуулж олон нийтэд хүргэхээр болсон байна. Дууны клипэнд 4200 охин эрхийнхээ төлөө тэмцэж, флаш моб хийж оролцох гэнэ. Мөн 200 охиныг хамруулсан “Охидын эрхийн форум”-ыг ирэх сарын 24-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Шинэ оны босгон дээр төрийн тэргүүн охидоо хамгаална гэдгээ мэдэгдсэн.

Тэрбээр эцэг хүнийхээ, эр хүнийхээ хувьд охид, эмэгтэйчүүдээ хүчирхийллээс хамгаалахыг бусдадаа уриалсан. Т эгвэл одоо охид өөрсдийнхөө эрхийн төлөө эвлэлдэн нэгдэх гэж байна. Тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, ирээдүйнхээ сайн сайхны тусын тулд үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо өргөх гэж байгаа ажээ. Харин энэ аянд охидоос гадна олон мянган эрчүүд нэгдээсэй гэж хүсч байна.

Учир нь нялх балчир охидыг хүчирхийлж, цэцэг шиг насанд нь толбо суулгаж, цаашдынх нь ирээдүй, хувь заяаг орвонгоор нь эргүүлж байгаа адгийн муу эрчүүдэд сануулга болгоход эрчүүд та нарын оролцоо, хувь нэмэр ч чухал үүрэгтэй гэдгийг санах учиртай. Б ид бүхэн ирээдүйд хэзээ нэгэн цагт эцэг, эх болно. Охин үртэй болно. Гагцхүү бидний ирээдүй болсон хүүхэд, охин үрс минь хүчирхийллийн сүүдэр тусаагүй гэрэл гэгээтэй нийгэмд өсч, торних учиртай. Үүний тулд залуус, эрчүүд та нар яг одоо гараа хөдөлгөж, тэднийхээ сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэх ёстой.

Өнөөдөр охидыг алхам тутамд нь бэлгийн дарамт, айдас, эрсдэл дагаж байдаг. Ялангуяа сургуулийн хүрээнд бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байгаа талаар мэргэжилтнүүд сануулж байна. Учир нь эрэгтэй багш нар болон ангийнх нь хөвгүүд охидод бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлэхийг завдаж, зарим нь хүчирхийлдэг. Ингэж охид дунд сургуульд байхдаа амьдралд итгэх итгэлээ алдаж, эр хүний тухай үзэл бодол, үнэлэмж нь орвонгоороо эргэж, хүсээгүй жирэмслэлт, БЗ ХӨ зэрэг эрсдэлтэй нүүр тулж байна.

Түүнээс гадна гэр бүлийн буюу ахуйн хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртсөөр байгааг мартаж болохгүй. Төрсөн эцэг нь, ах нь, айлын жаал хүртэл бага насны охидыг хүчирхийлэх явдал буурахгүй байгаа нь бодит байдал ямар байгааг илтгэнэ. Дунд сургуулийн жаал садангийнхаа охиныг хүчирхийлсэн, ээж нь итгээд харуулдаг байсан эр гуравхан настай балчир охиныг хүчирхийлсэн зэрэг аймшигт хэрэг одоо ч мартагдаагүй байна.

Хүүхэд хүүхдээ хүчирхийлж байгаа нь энэ асуудал үнэхээр хөндүүр сэдвийг болсныг бэлхнээ харуулна. Охид хүчирхийллийн бай биш. Харанхуй орц, гудамж, сургууль, цэцэрлэгт нь тэднийг аюул дагаж байх учиргүй. Т эд богино юбка өмсөөд гудамжаар алхахдаа, гэртээ аав, ах, өвөөтэйгөө үлдэхдээ, сургуульдаа ирэхдээ хэн нэгнээс айж, эмээх ёсгүй. Хүчирхийллийн бараан сүүдэр цаашид бүү тэдний амьдралд бүү тусаг.

Цагаахан цаас шиг амьдралд нь хир, толбо болон үлдэг. Охид өсвөр насандаа айх аюулгүй, айлын гэргий болохдоо хэн нэгний гарын шүүс гаргалгүй, хүчирхийллийн золиос болохгүй тийм сайхан гэрэл, гэгээтэй нийгмийг цогцлоохын төлөө та бид эвлэлдэн нэгдэцгээе.

Гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа нэгний үйлдлийг нэн даруй таслан зогсоож, үйлдсэн нэгнийг нь нийгэм даяараа жигшүүлцгээе. Охид хүчирхийллийн бай биш, тэд бусдын адил хайрлаж, хайрлуулах эрхтэй. Тэд биедээ зөвшөөрөлгүй хүрэхийг хүсэхгүй гэдгийг анхаар.

Х.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж