Давхар дээл тайлах төсөл урагшлах уу?

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Давхар дээл тайлах төсөл урагшлах уу?

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд
өөрчлөлт оруулах хуулийн төслийг
парламент өнөөдөр хэлэлцэж байна.

Н.Алтанхуягийн удирдаж буй Засгийн газрын
19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн байгаа нь хяналтгүй төрийн хамгийн
сонгодог жишээ болж байгаа учир Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуульд
өөрчлөлт оруулах санаачлага гаргаж, “Ерөнхий сайдаас бусад ажил, албан
тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн 
барьсан юм. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн батлах нь нэгэнт тодорхой
болсон ч хуулийн хэрэгжилтийг хэзээнээс эхлүүлэх вэ гэдэг асуудал
улстөрчдийн дунд багагүй маргаан тариад байгаа.  Сөрөг хүчний зүгээс
хуулийг баталсан цагаас эхлэн дагаж мөрдөх хэрэгтэй гэсэн байр суурийг
баримталж буй бол олонх ирэх 2016 оноос эхлүүлэх бодолтой байгаагаа
нуухгүй байгаа юм.

Сөрөг хүчнийхэн энэ удаад ялалт байгуулах
аваас, тодруулбал Засгийн газрын газрын тухай хуульд өөрчлөлт оруулах
төсөл батлагдаж, батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлбэл Засгийн газрын
сайдын албыг давхар хашиж буй УИХ-ын гишүүд чуулганы танхимд уу, засгийн
танхимд уу гэдгээ сонгох хэцүүхэн снголттой нүүр тулгарах юм. 
Ерөнхийлөгчөөс хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хуулийн хэрэгжилтийг
2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөнө гэж тусгасан.  

Монголын
төр томоос ухаалаг руу шилжихийг хүсч байгаа бол эхлэл нь давхар тээлээ
тайлах.  Тиймээс энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр давхар
дээлтэнгүүд чуулганы танхимд халууцан суух шаардлагагүй болж магадгүй.
Учир нь сөрөг хүчнийхэн тэднийг хуулийн төсөл санал өгүүлэхгүй байхыг
шаардаж байгаа юм.

Хэрэв сайд нар санал өгвөл Ашиг сонирхлын
тухай хуулийг зөрчинө гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Тодруулбал,  УИХ-ын 
чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.6-д “Гишүүн шийдвэр гаргах
асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын
зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах
бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” ,  
91.7-д “Энэ хуулийн 91.6-д заасны дагуу гишүүн санал хураалтад
оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд
оруулахгүй” гэж тус тус заасан байна.

Ийнхүү чуулганы танхимд
маргаан дагуулж, улстөрчдийн дунд хэрүүлийн алим үүсгээд байгаа давхар
дээлийг тайлах асуудал яаж шийдвэрлэгдэхийг өнөөдрийн чуулганаас харах
бололтой.  Монголын төр чин сэтгэлээсээ ухаажихыг хүсч байгаа бол 
давхар дээлээ тайлаад дан дээлтэйгээ урагшаа алхах хэрэгтэй болох юм.
Даанч, манай “давхар дээлтнүүд”-эд, улстөрчдөд ийм эр зориг байх болов
уу?

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж