Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ

Профессор Швабын санаачилгаар тэртээ 44 жилийн өмнөөс Швейцарийн Давос хотноо зохион байгуулж эхэлсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ)  нэгдүгээр сарын 22-нд эхэллээ.  Жил бүр дэлхийн улс төр, эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх төлөөлөгчид хуран чуулж тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог тус уулзалтад энэ удаа 40 орчим орны төрийн тэргүүд, 10 гаруй орны Ерөнхий сайд болон нөлөө бүхий томоохон корпорациудын удирдлагууд оролцож байна.

“Дэлхий дахиныг өөрчлөн шинэчлье” уриан дор зохион байгуулж буй энэ жилийн чуулганы онцлог нь эдийн засгийн хямралын дараах харьцангуй өөдрөг хандлагаар эхэлж байгаа юм. Чуулганы нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гин Хэ үг хэлж, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцсон юм. Үүний зэрэгцээ Ираны Ерөнхийлөгч, Израйлын Төрийн тэргүүн ДЭЗЧУ-д хамтдаа оролцож буй нь онцлох үйл явдал болж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, түүнийг дагалдан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын албан ёсны төлөөлөгчид оролцож байна.

Ийнхүү Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж