
Үнийн нэмэгдлээс болж зорчигчид ч ууртай, кондуктор ч бас нервтэй. Автобус дүүрэн улаан хэрүүл л болж байна.
Харин тэрхүү улаан хэрүүл дунд ямар ч нервгүй сууж яваа нь оюутнууд л байна даа. Дунд сургуулийн сурагчид хөөрхийс 200 төгрөгөө сарвайн зүтгэсээр. Бага шиг нуруутай балчирууд нь томчуудад даруулан алдан урагш тэмүүлнэ. Сандалд тухалж яваа оюутнуудаас нэг нь ч болтугай “Алив ахынхаа, эгчийнхээ өвөр дээр суугаад явчих аа, миний дүү” гэх үгийг хэлэхгүй. Нэг л их дутуу нойртой хоносон улсууд, нэг бол дэвтэр ном шагайж, шалгалтандаа бэлтгэсэн номын царайлсан залуус. Бид л мөнгө төлөхгүй байвал болох нь тэр гэсэн шиг гөлөн гөлөн царайлна.
Хоноц, хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдэг шиг кондуктор ч оюутнуудад нэг их тааламжтай хандахгүй л байна. Урагшаа яваач ээ, тэгнийгээд хамаг зай аваад зогсчих юм, урагшаа гэж зогсож байгаа зарим нэг оюутныг өмссөн хувцасаар нь дуудан, цоллоно. Гэвч үл тоомсорлоно.
Автобусны үнэр танар авах юм алга, өчигдрийн турш л үйлчилгээнд яваад өнөөдөр өглөө хогийг нь нэг шүүрдсэн болоод гарч ирж дээ гэж бодуулмаар бохир. Сандлын бүрээс нь хир дааринд баригдсаны дээр урагдаж навсайсан. Зогсож яваа зорчигчид барих бариул ч алга. Сандлын хөндлөвчөөс барьсан хэн нэг зорчигчийн гадуур хувцаснаас зүүгдэж уурыг нь хүргэхээс өөр арга байсангүй. Жолооч гэнэт тоормоз гишгэвэл ч баларна л даа, энэ тохиолдолд.
За тэгээд барих бариулгүй ядаж цөхөж явахад хулгайч нар ажиллачих гээд бас их хэцүү тул цүнхээ урт гартнуудаас хамгаалах арга чарга хайсаар арайхийн гурван буудал өнгөрөөв.
Явах зам маань цааш үргэлжлэх ёстой ч автобус пиг дүүрч, сүүлдээ зорчигч багтаах аргагүй болов. Гэсэн ч кондукторууд “Орлогоо хиймээр байна, жаахан яваад өгөөч ээ” гэж хашгирсаар хоёр ч буудлаас зорчигч суулгалаа.
500 төгрөг төлсөн атлаа бүтэж унам газарт зогсоогоороо арайхийн явж ирж байгаа нь энэ юм.
Ингэхэд автобус компаниуд үнэ нэмэхээ л нэн тэргүүнд бодох, үйлчилгээгээ хэзээ сайжруулах болж байна вэ?.
Аливаа бүтээгдэхүүний үнэ өндөр болох тусам чанар заадаг атал нийтийн тээврийн үйлчилгээнд энэ дархлаа алга. Алдагдалтай ажиллаж байна гээд үнээ өсгөхийг илүүд үзэхийг яана.
Хөлсөө төлснийхөө төлөө зорчигч ядаж л цэвэрхэн автобусаар үйлчлүүлмээр байдаг. Танихгүй хүний гадуур хувцаснаас зүүгдэж явах бус, автобусных нь тусгай бариулаас бариад явдаг болохсон. Үүнийг хийхэд автобус компаниудаас нэг их мөнгө зарцуулах уу, ердөө өглөө эрт автобусаа цэвэрлээд, хугарч ашиглах боломжгүй болсон бариулуудыг шинэчлээд, угаалганд оруулсан суудлын бүрээстэй цэвэрхэн автобусаар зорчигчдоо үйлчилдэг соёлд хэзээнээс суралцах вэ. Долоо хоногт суудлынх нь бүрээсийг угаачихад тийм их мөнгө зарцуулах шаардлагатай болдог уу.
За тэгээд кондукторын хэл яриа авах юмгүй, п-гээс эхлүүлээд бүхий л муу муухай үгийг зорчигчдод хаяглана. Эцэс сүүлдээ жолоо барьж яваа жолооч нь хүртэл хэрүүлд оролцохыг яана.
Гэнэт тоормозлоно, зорчигчид зайтай газар луу явахгүй байгаа учраас шигшиж байгаа нь тэр юм гэсэн.
За тэгээд автобус нь олдоод байдаг бололтой, хоорондоо уралдана. Зорчигчийн аюулгүй байдлыг хангах тухай ойлголт жолоочид падгүй гэсэн шиг давхина даа. Буудал дөхөнгүүт кондуктор “Буух нь хаалгандаа ойртоорой” гэж хашгична. Зорчигч бууж амжаагүй байхад жолооч хөдөлж, хөл, гарыг нь хавчиж бүдүүлэг аашилна. Зарим тохиолдолд зорчигчийн гадуур хувцас нь хаалганд хавчуулагдан чирэгдсэн жишээ ч бий. Гэгээн цагаан өдрөөр Ардын буудал дээр ийм явдал болж байв. Харин ч чирэгдсэн тэр иргэн нэг их хэл ам татлаагүй. Цагдаа ирж, жолоочийг зорчигчтой зохицохыг зөвлөснөөр хэдэн бор төгрөг өгөөд л өнгөрч байсан. Ийм замаар нийслэлийн тээврийн үйлчилгээ өрнөж буй.
Ингэхэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид хэзээнээс соёлтой, аюулгүй үйлчилгээг бий болгох гэж байна вэ. Үнээ нэмсэнтэйгээ дүйцүүлээд үйлчилгээгээ сайжруулъя, найз нар аа. Хэдий болтол нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг “Бид алдагдалтай ажилладаг учраас үнээ нэмэхээс арга алга” гэдэг улиг болсон үгээр түрий барих ёстой юм. Энэ асуудалд Нийслэлийн Тээврийн газар ч автобус компаниудад дэг тогтоох цаг болж…
Ядарсан ардын хүүхдүүд гэхээр хир даариндаа баригдсан, хэрүүл тэмцэл өрнүүлсэн нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой юм уу.