Хамтын тэтгэврийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Хамтын тэтгэврийн төслийг дэмжлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тавьсан цалин тэтгэврийн нэмэгдлийн талаархи асуулгыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дэмжсэнээр УИХ-ын чуулганы хуралдаанаар дараагийн хэлэлцүүлгийг хийхээр болсон юм. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Хамтын тэтгэврийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Сүүлийн 20 жилийн турш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 10 жил хамтран амьдарсан гэр бүлийн хэн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэврийг нь түүний ханьд нь олгохоор хуульд тусгасан байгаа аж. Өөрөөр хэлбэл, 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн Дорж, Дулмаа хоёрын хэн нэг нь буюу Дорж нас барсан тохиолдолд Доржийн тэтгэврийг Дулмаагийн тэтгэвэр дээр нэмж олгох юм. Хамгийн гол нь Дорж, Дулмаа хоёр 10 жил хамтран амьдарсан байх шаардлагатайг хуульд тусгажээ. Хамтын тэтгэврийн төсөл батлагдвал урьдчилсан тооцоогоор 76 мянга орчим иргэд байгаа юм байна. Харин хуулийн хэрэгжих хугацааг хэзээ батлахыг хэлэлцүүлгийн явцад шийдэхээр боллоо. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд саналаа хэлж, энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Хэлэлцүүлгийн явцад зайлшгүй өөрчлөх зарчмын санал байгааг онцлон хэлснээр Давхар даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатараас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж тавьсан “Иргэдийн цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх, Монгол Улсын 2014 оны төсөвт тусгахдаа өнөөгийн инфляцийн түвшинтэй харьцуулсан ямар тооцоо судалгаа хийгдсэн болон эмч, багш нарын цалинг олон улсын түвшинд хүргэх талаар Засгийн газраас ямар бодлого боловсруулж,төлөвлөж байгаа талаарх асуултын хариуг сонслоо. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ цалингийн нэмэгдлийн талаар тодорхой тайлбар өгөхгүй гэсэн боловч байнгын хорооны дарга Д.Батцогт Сангийн сайд Ч.Улаан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар өөсрдийн хариулах боломж хүртэл асуултад хариуахыг сануулсан юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар тодруулахад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл жил бүр Үндэсний статистикийн хорооны ирүүлсэн саналыг үндэслэн Засгийн газарт санал оруулж тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг тухайн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гэсэн тогтоолтой. Өнгөрсөн 2013 оны 12 дугаар сарын байдлаар Үндэсний статистикийн газраас ирүүлсэн мэдээллээр инфляци 12,5 хувьтай байсан. Тэгэхээр инфляцийн түвшнээс доош орохгүйгээр дээш хэд ч байж болно гэдгээр тэтгэвэр тэтгэмжийн зохицуулалтыг хийсэн” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар төгрөгийн худалдан авах чадвар хэдэн хувиар буурсан бэ гэсэн асуултад  Сангийн сайд Ч.Улаан, “Төгрөгийн худалдан авах чадварт өөрчлөлт орсон. 2012 онд цалинг 70 орчим хувиар нэмсэн. Энэ нь урьд жилүүдийнхээ болоод ойрын жилүүдийнхээ өсөлтийг хангах хэмжээнд нэмэгдсэн гэж үзэж болно. 2013 оны инфляцийн өсөлттэй уялдаатайгаар 2014 онд цалингийн нэмэгдлийн эх үүсвэрийг төсөвт суулгаж батлуулсан байгаа. Энэ хүрээнд холбогдох яамд хуваарилалтаа хийх байх. Цалинг ямар аргачлалаар нэмэх асуудал дээр Хөдөлмөрийн яам, тэтгэвэр тэтгэмжийн нэмэлт дээр Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яам ажилласан. Сангийн яам нийт үнийн дүнгээр нь эх үүсвэрийг нь батлуулж өгсөн. Одоо засгийн газар дээр энэ бодлогыг батлаад санхүүжилтийг нь хийгээд явна” гэлээ.

Ингээд УИХ-ын гишүүн цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаарх асуулгынхаа хариуг баасан гаригийн  Засгийн газрын цагаар тодорхой хариулт авъя гэсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй санал хурааснаар энэ удаагийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж