&#34Д.Эрдэнэбат намуудаас уучлал гуйх ёстой&#34

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

&#34Д.Эрдэнэбат намуудаас уучлал гуйх ёстой&#34

Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ асуудлаар Мон­голын ногоон намын дарга О.Бум-Ялагчийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэл­сэн нь парламентад суу­дал­гүй намуудын анхаар­лын гадна үлдэхгүй нь тодорхой. Та намын даргын хувьд энэ хуулийн өөрчлөлтөд са­наа зовох юм уу?

-Манай нам хуульд өөрчлөлт оруулах асуудалд санал хүргүүл­сэн. Нэгдүгээрт намууд хатуу гишүүнчлэлгүй болохыг чухал­чилж байна. Гишүүнчлэлтэй байх нь хүмүүсийг хооронд нь тал­цуулдаг муу талтай. Зөвхөн на­мын удирдлагууд нь хатуу ги­шүүнчлэлтэй ажилладаг байх ёстой. Бусад нь намын гишүүн байж болох ч намынхаа өмнө ямар нэг үүрэг хариуцлага хүлээгээгүй байх ёстой юм. Хоёрдугаарт намын санхүүжилтийн асуудал байна. Улс төрийн намуудыг муухай харагдуулдаг зүйл нь засгийн эрхийг барьж байгаа намууд шиг бизнесийнхний хараат байдалд ордог явдал юм. Намуудад санхүү­жилт, хандив өгсөн бизнесийнх­нээс болж улс төрийн намууд муу­хай харагддаг. Гэтэл иргэдээ биш, бизнесийнхнээ дэмжинэ гэж улстөрчид ил тод ярьж эхэллээ. Би санаж байна. 2006 онд С.Баяр ийм утгатай үг хэлээд бид эсэргүүцэж байсан. Хүн амын талаас илүү хувь нь ядуу байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бизнесийнхнээ дэмж гээд байдаг. Эндээс юу харагдаж байна гэхээр намыг санхүүжүүлж байгаа гол хүмүүс нь бизнесийн хүрээний баячууд юм. Ц.Элбэгдорж ядууралтай дайн зарлачихаад ингэж хэлэх нь ичгүүртэй явдал. Аргагүйн эрхэнд бизнесийн салбарынхны дарамтад орж тийм зүйл ярьж байх шиг байна. Тийм учраас Улс төрийн намуудын тухай хуулиар намын санхүүжилтийн асуудлыг шийдэх ёстой.

-Намын санхүүжилтийг төрөөс гаргадаг байя гэсэн үг үү. Хэрхэн санхүүжүүлнэ гэсэн үг вэ?

-Герман улсад сонгуулиар нэг хувиас дээш санал авсан намыг  улс нь санхүүжүүлдэг. Тэгэхээр бүх намууд ижил санхүүжилт авна. Иймд Германы хуулийг орчуулаад хуулаад авахад болохгүй юм байхгүй. Гэтэл заавал болохгүй байгаа Бангладешийн хуулийг хуулбарлах гэнэ. Сая Бангладешт сонгууль болж бөөн буудалцаан боллоо. Хүн нас барлаа. Гэтэл тэр Р.Бурмаа гэж авгай тэр хуулийг нь оруулаад ирсэн. Бангладеш, Филиппин гээд болохгүй байгаа орны туршлагыг авах гээд байдаг. Мөн намууд өөрийн нэрийг патентжуулах ёстой. Шинээр байгуулагдаж байгаа намууд давхардсан нэрийг авах ёсгүй. Тухайлбал Монголын ногоон нам байгуулагдаад 24 жил болж байна. Монголын ууган намуудын нэг. Дээрээсээ гуравт бичигддэг. “Ногоон” гэдэг нэрээ патентжуулаад авчих юм бол Иргэний зориг, ногоон нам байх ёсгүй л байхгүй юу. Энэ нам нэрээ өөрчилж болно, гэхдээ ногоон гэдэг нэрийг авахгүй. Тэгэхэд манайд чинь Шинэ либерал нам, Монголын либерал ардчил­сан нам гээд  байдаг. Ингэж улс тө­рийг онигоо болгож болохгүй шүү дээ. Тэгэхээр намуудын нэ­рийг патентжуулах асуудлыг тавих хэрэгтэй. Иргэний зориг, ногоон нам “Иргэний зориг” гэдэг нэрээ патентжуулдаг юм байгаа биз. Түүнээс бусдын санал руу дайрсан ёс суртахуунгүй байж болохгүй. 23 жил мах цусаараа босгосон энэ намын нэрийг аваад сонгуульд ороод хоёр суудал авчихсан. Тэ­гээд юу ч болоогүй юм шиг сайд хийгээд, С.Дэмбэрэл нь эдийн за­саг яриад суугаад байдаг. Энэ чинь ёс суртахуунгүй хүний шинж. С.Оюуны сурч байсан Чех улсад бол үүнийг үзэн ядна шүү дээ. Ямар ёс суртахуунгүй сонин эмэгтэй вэ гэж бодно. Яагаад гэхээр Европт тийм хандлага байдаг. Хүний юм руу дайрдаггүй л байхгүй.

-Хуулийн төслийг боловс­руулах ажлын хэсгийнхэн на­муудын төлөөллийг авч уулзсан гэсэн. Юу ярилцав?

-С.Баярцогт гишүүн ажлын хэсгийг даргалж байгаа. Парламен­тад суудалгүй намуудыг урьж уулз­сан. Харамсалтай нь энэ уулзалт хэрүүл маргаан болоод тарсан. Нөгөө С.Баярцогтыг чинь гадаадад данстай, дансгүй талаар нь өөр зүйл рүү ярьж маргаад хурал үр дүнгүй болсон. Уг нь С.Баярцогт “Намайг гадаад данстай талаар хэлэлцэхгүй шүү” гэж бичиг наагаад хуралдсан бол зүгээр байхгүй юу. Гэвч ярих ёстой зүйлээ хэлэлцэж чадаагүй.

-УИХ дахь Ардчилсан на­мын  бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Парламентад суудал аваагүй намуудыг татан буулгах тухай хуулийн төсөлд оруулах талаар ярилцсан” гэсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа?

 -Д.Эрдэнбат дарга энэ үгийг хэлснийхээ дараагаар “Улс төрийн намуудыг цочроох гэж ийм мэдэг­дэл хийсэн. Энэ нь Ардчилсан намын байр суурь биш шүү” гэж байсан. Нэг ёсондоо намаа хам­гаалж гарч байна л даа. Тэгэхээр буруу мэ­дэгдэл хийснээ Ардчилсан на­мынхан болоод өөрөө ч ойлгох шиг боллоо. Парламентад суудалгүй улс төрийн намууд өчигдөр /уржигдар/ хуралдаад Д.Эрдэнэбатыг намуудаас уучлал гуйх ёстой юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Тиймээс уучлал гуйхыг шаардана. Яагаад гэхээр энэ нам өөрсдөө хариуцлагын тухай их ярьдаг. Өөрсдөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Мөн биднийг хүлээн авч уулзах шаардлага хүргүүлж байгаа.

-Д.Эрдэнбатын байр суурь гэхээсээ илүүтэй намынх нь байр суурь гэж харах ёстой болов уу?

-Угаасаа тэгж харна л даа. Хэрвээ намын бүлгийнхээ байр суурийг илэрхийлэхгүй, хувийн байр сууриа илэрхийлээд байвал Ардчилсан нам бүлгийнхээ даргыг солихоос өөр аргагүй. Намынхан нь нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө биз дээ. Ардчилсан нам өөрсдийгөө ардчиллын зарчмаар шийддэг гэж тайлбарладаг. Бодвол тэр зарчмаар бүлгийн хурлаараа энэ хуулийг хэлэлцэж шийдэлд хүрсэн байх. Тийм учраас Д.Эрдэнэбатын үг намынх нь байр суурь гэж ойлгох ёстой. Тийм учраас цаашдын улс төрийн алхам юу вэ гэхээр Д.Эрдэнэбат уучлал гуйх ёстой. Түүний дараагаар нам нь хариуцлага тооцох уу, энэ хүн цаашид биднийг төлөөлөөд явах уу гэдгээ өөрсдөө шийдэх биз. Би Д.Эрдэнэбат гуайг өмнө нь ажигладаггүй байсан. Одоо ингээд харж байхад ажлын стресс, дарамтад орсон хүн байна. Нүд нь гялалзаад, ууртай догшин ярих юм. Ухаантай хүн дөлгөөн гэж. Улстөрчид даруухан байвал зүгээр байгаа юм. Ажил хийж байгаа хүн уурлаж бухимдалгүй яахав. Ачаалал ихтэй байж болно. Гэхдээ бүхэл бүтэн намын бүлгийг төлөөлж байгаа хүн айлын боргож байгаа нохой шиг орилоод байх нь намын нэр хүндэд нь сөргөөр нөлөөлнө.

-Ардчилсан нам энэ хүнд ит­гэл хүлээлгээд УИХ дахь на­мын бүлгийн даргаараа томилсон байж таарна?

-Ер нь нэг анзаараад байхад Ардчилсан намд олны өмнө гараад эвтэйхэн ярьчих, үзэл бодлоо илэр­хийлэх хүн цөөн болсон юм шиг. Яагаад гэхээр энэ намын хүмүүс дандаа нээнтэгтэй. Өвөрхангайгаас сонгогдсон хоёроос авхуулаад С.Баярцогт, Ч.Сайханбилэг гээд асуудалтай хүмүүс. Ч.Сайханбилэг гэхэд улсын тусгай хамгаалалттай газрыг хамгаалалтаас гаргана гээд ярьж байна. Ерөнхийдөө энэ намын УИХ-д байгаа хүмүүс олон жил улс төрд явчихсан учраас дандаа нээнтэгтэй, байнгын хорооны дарга хийчих хүн алга байна. Гараад олон нийтийн өмнө ярихад хэвлэлийн­хэнд мөлжүүлэхгүй байх хүн ховор байна шүү дээ. Одоо ингээд Д.Эрдэнэбат мөлжүүртэй болж эхэллээ. Хэлсэн амандаа хүрдэггүй буцдаг. Бүлгийнхээ өмнөөс ху­вийнхаа үзэл бодлыг илэрхийлдэг нь тодорхой боллоо. Өөрөө албан ёсоор хэллээ. “Манай бүлгийн санаа биш, би өөрөө хэлсэн юм аа” гэж. Бүлгийн дарга нь хаана, юу хэлэхээ мэддэггүй юм шиг байна.

-Намуудыг нэгдсэн нэг бай­ранд оруулья гэсэн санаа хуу­лийн төсөлд явж байгаа юм билээ. Энэ тал дээр парламентад суу­дал­гүй намууд ямар байр суурь­тай байгаа вэ?

-Оффис байхгүй, гудамжны нам гээд Ц.Нямдорж загнадаг биз дээ. Өөрсдөө улсын төсвөөр том байшин барьчихаад байргүй бай­гаа намуудыг гудамжны нам гээд ярьж байна. Манай нам Хуримын ордонд байрлаж байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөөгөөд гаргачихсан. Манай нам Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжсэн. Дэм­жихээс өөр арга байхгүй. Намын дү­рэмдээ байгаль орчныг хамгаал­даг, ан­хаарал хандуулдаг хүнийг дэмжинэ гээд заачихсан. Гэтэл яасан гэсэн чинь Хуримын ордны шинэ дарга нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн Хэвлэл, мэдээллийн албаны даргынх нь эхнэр болж таарч байна. Ц.Элбэгдорж арай манай намыг гарга гэж жижиг зүйлээр хөөцөлдөхгүй байлгүй дээ. Нөгөө хэд нь “Дарга мэдвэл асуудал болно. Эднийг хөөж гарга” гэсэн байл­гүй. Гэтэл Ардчилсан нам, Монгол Ардын нам өөрсдөө улсын бай­ранд байрлаж байна. Тийм учраас намуудад байрны асуудлыг шийдэж өгөх ёстой.

-Д.Эрдэнэбат дарга намуудыг идэвхжүүлэх гэж үзсэн учраас татан буулгах тухай асуудлыг хөндсөн гэж тайл­бар­лаж байна. Үнэхээр түүний хэл­сэнч­лэн жи­жиг намууд бай­гаа үгүй нь мэ­дэг­дэхгүй байна л даа. Сон­гууль болохоор гэнэт гарч ир­дэг үзэг­дэл байх юм. Монголын но­гоон нам өнөөдөр юу хийж байна вэ?

-Улс төрийн намын ажил гэдэг бол намынхаа үзэл бодлыг олон нийтэд хүргэх явдал. Энэ нь хэд хэдэн аргатай. Хэвлэл мэдээлэлд хандах, эсвэл гудамжинд жагсаж байр сууриа илэрхийлэх. Энэ хоёр арга байна. Мөн намынхаа но­гоон үзлийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар эрх баригчдад байнга шаардлага тавьж ирсэн. Жагсаал зохион байгуулахаар биднийг бариад авчихдаг. Хэвлэл мэдээллийн байгууллага нь тэр бүр тоодоггүй. Нийгэмд нөлөөлье гэ­хээр болж өгөхгүй байна. Монголын ногоон нам идэвхтэй үйл ажилла­гаа явуулж байгаа. “Манай намыг юу хийсэн юм. Бүгд найрамдах нам юу хийв” гээд баримттай ярьж байж тэр татан буулгах асуудлыг ярих ёстой. Яахав парламентад суудалгүй намуудыг ажил хийлгэх гээд ташуурдаж байна гэдэг нь зөв. Намууд идэвхжээд өгье. Гэтэл гудамжинд гараад жагсахаар бит­гий бариад аваарай. Жагсаал цуг­лаан хийхээр барьж аваад торгоод байх юм. Бид агаарын бохирд­лыг бууруулах чиглэлээр жагсахад ма­най намын нарийн бичгийн даргыг барьж аваад, шүүхээр оруулаад 20 мянган төгрөгөөр торгоод ялалчи­хаж байна. Дахиад жагсвал шоронд хийнэ шүү, 14 хоногоор баривчилна гэж дарамталсан. Тэгэхээр хүмүүс айна биз дээ. Гэтэл Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл чинь талбай дээр трактор оруулаад жагсаж байсан хүн. Хууль сахиулах, хүний эрхийг бий болгохын төлөө тэмцэж байсан хүмүүс өнөөдөр биднийг барьж хорих жишээтэй. Гэтэл та бүхэн муу ажиллаж байна гээд татан буулгана гээд байдаг. Манай намаас бусад намууддаа нэг санал тавьсан. Ерөөсөө бүгдээрээ гурван сараас эхлээд түжигнэтэл жагсая гэсэн асуудлыг ярьсан. Парламентад суудалгүй намууд байна уу, байхгүй юу гэдгийг харуулаад өгөх хэрэгтэй.

Т.АМАРТҮВШИН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж