
Энэ зарчим нь улс төр хийж байгаа нь энэ гээд тухайн зүйлийн буруу эсвэл зөвийг тунгаахыг бусдаас шаарддаггүй.
Хамгийн гол нь шүүмжлэлийн бай болсон асуудал эсрэг талын гаргасан шийдвэр, тухайн шийдвэрийг хэрэгжүүлээд гарсан үр дүн байхад л болно. Тиймээс ч сөрөг хүчин байсан нам нь эрх баригчдадаа тавьж байсан тэр л шаардлагууд эргээд мөнөөх сөрөг хүчнээс эрх баригчийн талд очсон намд тавигддаг болж. Ардчилсан нам, Ардын намынхан одоо яг л энэ зарчмаар ажиллаж байгаа. Одоо парламентад сөрөг хүчин болсон Ардын намынхны Н.Алтанхуягийн Засгийн газар, УИХ-д тавьж буй шаардлагууд үе үе чихэнд нэг л танил сонсогдох нь бий. Яг л мартсан зүйлийг эргээд сануулж байгаа мэт.
Ямартай ч Ардын намынхан Ардчилсан намыг парламентад олонхи болж Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болсноос хойш дээр дурьдсан асуудлаас гадна сөрөг хүчний хувиар “ажлаа хий, сайдуудаа огцруул, шийдвэрээ эргэж хар” гэсэн шаардлага хэд хэдийг тавьж амжжээ. Яг л өөрсдөд нь ирдэг байсан шаардлагууд шиг. Тэр нь ихэвчлэн “Монгол Улсын эдийн засаг хүндэрч, иргэдийн амьдрал доройтож байна, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ. Энэ бүхэн та нарын буруу” гэдэг гаргалгаатай байдаг. Харин шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн “Өмнөх Засгийн газрын алдаа одоо илэрч байна” гээд өөрийгөө өмөөрөх жишээтэй. С.Батболдын Засгийн газрын үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байсан уу гэвэл, байсан. Одоо Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ч мөн л өндөр байгаа. Энэ талаар бүгд мэддэг хэрнээ үнэ буулгах гарцыг нэг ширээний ард сууж байгаад үнэн сэтгэлээсээ хайсан түүх аль алинд нь байхгүй юм билээ. Харин асуудлыг нэг цэг дээр огтлолцуулж байгаа зүйл нь огцруулах шаардлага л байдаг гэж хэлж болно.
Ардчилсан нам, Ардын намынхны хуулийн төслийг эсэргүүцэж завсарлага авч байсан тохиолдлууд, Засгийн газрын тэргүүнд өгсөн огцруулах шаардлагууд ч өөр хоорондоо нэг их ялгаагүй байсныг хэвлэл дээр гарсан мэдээллийн архивыг сөхөөд харж болно.
1. 2013 оны нэгдүгээр сарын 13-нд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар нар Ардчилсан намын халаа сэлгээ хэрээс хэтэрч байгаа талаар мэдээлэл өгч байжээ. Ардчилсан намынхан сөрөг хүчин байхдаа “Ардын намын Удирдах зөвлөл өөрсдийн тааллаар УИХ-ын ажлыг явуулж байна” гэж шүүмжилдэг байсан. Тэгвэл Ардын намынхан сөрөг хүчин болмогцоо “Тэд ах, дүүгийн томилгоо хийж, төрийн албыг өөрийн дураар эзэгнэлээ” хэмээн шүүмжлэх болсон юм.
2. 2014 оны нэгдүгээр сарын 19-нд Ардын намын бүлгийнхэн ээлжит хуралдаанаараа Оюутолгойтой холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ингээд “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар зүсээ хувирган орж ирлээ. Ардчилсан намын бүлгийнхэн “Оюутолгой” компанид гурван тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлүүлэх бодлого баримталж байгаа бид дэмжихгүй” гэж мэдээлэв.
3. 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд Ардын намын бүлгийнхэн Монгол Улсын нийгэм, эдийн засаг хүндэрсэн гээд Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах шаардлага тавьсан. Гэсэн ч Ардчилсан намынхан олонхиороо сайдуудаа авч үлдсэн юм.
4. 2014 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын намын бүлгийнхэн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцсэн. Ингээд “Засгийн газар байгуулагдсанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд Ерөнхий сайдын томилгоо, шийдвэртэй холбоотой 18 маргаан Үндсэн хуулийн Цэцэд очлоо. Аймгуудын Засаг дарга, ТЕГ-ын дарга Б.Ариунсан нарын томилгоо, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн тогтоолууд Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн” гэж мэдээллээ.
5. 2013 оны аравдугаар сарын 3-нд Ардын намын бүлгийнхэн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт эдийн засаг хүндэрсэн гээд шаардлага хүргүүлсэн. Тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Н.Алтанхуягийн Засгийн газар улс орны эдийн засгийг хүндрэлд оруулж, хариуцлагагүй ажилласан. Харин УИХ нь үүнд хариуцлага тооцоогүй гэж үзсэн билээ. Мөн “Ардчилсан намынхан Хүний хөгжлийн 21 мянган төгрөг олгохоо больсон нь иргэдийн амьдралыг доройтуулж байна” гэв.
ИЙМ ШААРДЛАГУУД ТАВЬЖ БАЙЖЭЭ
1. 2011 оны зургаадугаар сарын 30-ны өдөр тухайн үед УИХ-ын гишүүн байсан Э.Бат-Үүл Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах шаардлага хүргүүлсэн. Шалтгаан нь “Ардын намын Удирдах зөвлөл УИХ-аас дээгүүр шийдвэр гаргаж, намын бүлгүүд тус намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэж суудаг болсон” гэдэг. Нэг ёсондоо Ардын намынхан УИХ-ын онцгой эрхэд халдлаа хэмээн шүүмжилсэн юм.
2. 2011 оны есдүгээр сарын 7-нд Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Эрдэнэ, Н.Батбаяр нар Ардын намын бүлгийн дөрвөн гишүүний хамтаар мөн л Ерөнхий сайд асан С.Батболдод шаардлага хүргүүлсэн. Тэд тухайн үед Оюутолгойгоос Монголын талын эзэмших хувь хэмжээг 50 хувьд хүргэх хэрэгтэй гэж үзсэн. Мөн “Засгийн газар Оюутолгой компанийн төлөө ажиллаж, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах нэрийн дор гэнэтийн ашгийн татварыг тэглэж, хуулийг хүчингүй болгуулсан. Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг Оюутолгойд ногдуулахгүй байх нь шударга бус явдал” гэсэн байр суурь илэрхийлэх болсон. Энэ асуудлаар ч тууштай тэмцэж байлаа.
3. 2011 оны зургаадугаар сарын 28-нд Ардчилсан намын бүлгийнхэн Монгол Улсад үүсээд байгаа шатахууны хомсдол, үнийн өсөлтийн талаар хэлэлцсэн. Ингээд улсыг шатахуунаар хангах ажиллагаанд дорвитой арга хэмжээ авалгүй хомсдолд оруулсан хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт болон дэд сайд Б.Ариунсан нарыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан юм.
4. 2012 оны гуравдугаар сарын 26-нд Ардчилсан намын бүлгийнхэн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайд С.Батболд Үндсэн хууль зөрчиж байна гэж мэдээлсэн. Тодруулбал, Ерөнхий сайд С.Батболдыг Үндсэн хуулийн дагуу Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлаа хийхгүй байна гэж үзсэн юм. Энэ үеэр мөн л Ерөнхий сайдыг огцруулах талаар ярьж байв.
5. 2012 оны хоёрдугаар сарын 7-нд Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдсан. Энэ үеэрээ үнийн өсөлтийн учир шалтгааныг тогтоох ажлын хэсгийн хэсгийн мэдээллийг сонсоод мөн л Засгийг газар, хариуцсан яам, агентлаг нь арга хэмжээ аваагүй гэж үзсэн юм. Ардчилсан намынхны хувьд тухайн үед эдийн засаг хүндэрч, ядуурал газар нь авч байгаа нь Ардын намынхны баримталдаг халамжийн бодлогын гай гэсэн байр суурийг илэрхийлж байв.
“УЛСТӨРИЙН ТОЙМ” сонин