Ч.Дамдиншарав: Хөвсгөлийн бөхчүүд дээгүүр барилдах болов уу

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Ч.Дамдиншарав: Хөвсгөлийн бөхчүүд дээгүүр барилдах болов уу

Цагаан сар, наадам дөхөөд ирэхээр л монголчууд бөх ярьдаг уламжлалтай. Бараг л бичигдээгүй хууль юм. Үндэсний бусад спортыг биш зөвхөн бөхийн яриа л газар авдаг. Тэр ч утгаараа ардын багш Ч.Дамдиншаравтай энэ сэдвээр ярилцлаа. Энэхүү ярилцлага маань ёс зүй, дэг журам, соёл гэх мэт үндэсний бөхийг тойрсон бүхий л сэдвийг хамарсан юм. Ингээд 1968 оны Мехикогийн олимпийн хүрэл медальт, ардын багш Ч.Дамдиншаравын ярилцлагыг хүргэе.

-Удахгүй монгол түмний уламжлалт баяр болох гэж байна. Цагаан сар, наадам болохоор л хүмүүс бөх ярьдаг. Тантай уулзаж шалтгаан маань ч цагаан сарын бөхийн барилдаантай холбоотой?

-Ерөнхий санааг чинь ойлголоо. Монголчуудын бахархал болсон уламжлалт баярын нэг бол цагаан сар. Тэр ч утгаараа бөхийн барилдаан нь хүртэл олны анхаарлын төвд байдаг. Чансаагаараа улсын наадмын дараа ордог гэсэн утгаараа шүү дээ. Цагаан сарын барилдаан бол бөхчүүдийн нэг жилийн өнгийг тодорхойлдог. Нөгөө талаараа энэ барилдаанд бөхчүүд ямар нэгэн буулт хийдэггүй. Шударга болдог. Тийм учраас цагаан барилдаан бөх сонирхогч, бөхчүүд, багш нарын анхаарлыг татаж байна. Улсын наадам найраа орохоороо цагаан сарын барилдааны чансаанд хүрэхгүй болдог тал бий. Бөхчүүдийн өвлийн бэлтгэл ямар байгааг бид жинхэнэ утгаар нь харж болно. Уламжлалаасаа аваад үзэхэд цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тухайн жилийнхээ наадамд өнгөтэй байдаг, цаашлаад улсын бол авах, цолоо ахиулах магадлал өндөртэй. Угаасаан ийм бичигдээгүй хуультай. Тиймээс бөхчүүд үүнд нэлээд ач холбогдол өгдөг. Сүүлийн үеийн барилдааныг харахад Архангай, Ховд, Увс, Хөвсгөлийн бөхчүүд бусад аймгаасаа илүү амжилт үзүүлэх магадлалтай байна. Томоохон барилдаануудад дээрх аймгуудын бөхчүүд ихэвчлэн шөвгөрч байна шүү дээ. Та бүхэн ч өөрсдөө харсан байх. Цагаан сарын барилдаанд дээрх аймгийн бөхчүүд шөвгөрөхөд гайхах зүйлгүй. Бодит байдал ийм л байна.

-Улсын аварга Г.Эрхэмбаяр, заан Ч.Санжаадамба, начин Б.Пүрэвсайхан тэргүүтэй үзэгчдийн анхаарлын төвд байгаа хэд хэдэн бөх байна. Тэдний талаар та юу хэлэх вэ?

-Үндэсний бөх бусад бөхийг бодвол онцлогтой. Том цолтой нь эрэмбээрээ багыгаа амладаг. Өөрийнхөө дийлэх магадлал өндөртэй бөхийг амална. Мөн бие бялдрын бэлтгэл, хувь хүний ур чадварыг шалгасан барилдаанууд нэлээд гарч байна. Ч.Санжаадамба зааны хувьд энэ жил бэлтгэлээ маш сайн хийжээ. Өмнө нь залуу заан маань зөвхөн этэх мэхээр л давдаг байлаа. Харин одоо хөл авах, өмсөх, суйлах, тонгорох гэх мэт олон хувилбар мэхийг хийдэг болсон. Барилдааны ур чадвар өмнөхөөсөө хамаагүй ахисан. Нөгөө талдаа Ч.Санжаадамба чөлөөт бөхийн зааланд байнгын бэлтгэл хийж байна. Энэ нь өөртөө тодорхой зорилго тавьсны шинж л дээ. Энэ маягаараа байвал Ч.Санжаадамба улсын наадамд сайн барилдах боломжтой. Түүнийг наадамд одгүй бөх гэдэг. Би тэгж бодохгүй байна. Өмнө нь бэлтгэл дутуу, бүх зүйлийг хүчээр хийдэг байсан учраас наадамд санасан амжилтаа үзүүлж чадахгүй байсан хэрэг. Харин одоо бол тэс өөр болжээ. Ч.Санжаадамбын хувьд бөхийн талаараа тун зөв бэлтгэлжилттэй, өөрөө багш, дасгалжуулагч нартай байнга уулзаж зөвлөгөө авдаг. Энэ бол түүний сайн чанар, давуу тал нь юм.

Ховдын бөхчүүдийн бэлтгэл тун жигдхэн байна. Зөвхөн Б.Пүрэвсайхан гэлтгүй залуу бөхчүүд нь ч заалны барилдаанд улсын цолтнуудын зүрхэнд айдас төрүүлж байна шүү дээ. Б.Пүрэвсайханы амжилт ахиж байгаа нь үнэн. Гэхдээ тэр маш олон удаа тунана. Дээшээ гарч ирэхэд нэлээд бэрх байх болов уу. Бөхчүүдийн амжилт өдрийнхөө өнгөөс хамаараад янз бүр байдаг. Оюун санаа, сэтгэлзүй, бие бялдраас хамаараад амжилт нь харилцан адилгүй байна. Тухайн өдөр өнгөтэй, одтой байгаа бол тэр чигээрээ л эрчээ авдаг талтай. Ер нь хэн сайн бэлтгэл хийж, биеэ зөв авч явж чадаж байна, тэр бөх л амжилт гаргаж байна шүү дээ. Г.Эрхэмбаяр аварга, Д.Ганхуяг арслан, Д.Рагчаа гарьд гээд бүгд л 35-аас дээш насныхан. Эдгээр бөхчүүдийн насыг бодвол дээшээ явж барилдахаар оргил үе биш шүү дээ. Гэтэл тэд маш зөв бэлтгэл хийж, биеэ зөв авч явсныхаа ачаар амжилтаа тогтмол хадгалж чадаж байна. Үүнд манай залуу бөхчүүд суралцах хэрэгтэй. Дээрх бөхчүүдээс үлгэр жишээ авах ёстой юм.

-Цагаан сарын барилдаанд аймгийн цолтнууд эртнээс сайн барилддаг уламжлалтай. Улсын цолгүй бөхчүүдээс онцлох хүн байна уу?

-Бөх сонирхогчдын анхаарлын төвд байдаг хэдэн аймгийн хурц арслан байна. Тэднийг цол аваасай гэж үнэн сэтгэлээсээ боддог. Сүхбаатарын Ш.Мөнгөнбаатар, Увсын О.Гантулга, Сэлэнгийн Б.Одгэрэл, Дундговийн А.Алтанхуяг, Төв аймгийн Ч.Батчулуун тэргүүтэй хэдэн сайн хурц арслан байгаа юм. Даанч харамсалтай нь цолны эрэмбээр дэндүү доогуур даваанд цолны эрэмбээр хоорондоо оноолт таараад байна. Түүнээс биш сайн барилдана шүү дээ. За тэгээд сүүлийн үед Ховдын О.Хангай, Говь-Алтайн Д.Шинэбаяр, Архангайн Б.Адъяабат гээд шижигнэсэн залуучууд гарч ирлээ. Улсын наадам бол цагаан сараас өөр л дөө. Олон бөхтэй аймаг нь гайгүй яваа нэгнээ татаад гаргаад ирдэг. Гэтэл бөх цөөтэй аймгийн бөхчүүдэд ийм боломж хомс шүү дээ. О.Хангай арслангийн хувьд арай болоогүй. Нас залуу байна. Улсын наадмын цол авахын өмнөх зовлон, жаргалыг үзэх ёстой. Тэгж байж улсын цолонд хүрвэл сайн барилдана.

-Цагаан сараар 256 бөх барилдуулахаар багадаад байгаа мэт санагддаг. Үүнийг бөх сонирхогчид ч ярих болсон. Тэгвэл та ямар бодолтой явдаг хүн бэ?

-Нуулгүй хэлэхэд улсын наадамд 512 бөх барилдуулах нь бөхчүүд улсын цол авах эрхийг маш их боосон хэрэг болж байгаа юм. Үндэсний бөх өнөөдөр дээд цэгтээ хүртэл хөгжлөө шүү дээ. Сумын цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулъя гэхэд 680 бөх хангалттай гарч байна. Цаашид улсын наадамд барилдуулах бөхөө 1024 болгож жишиг тогтоох хэрэгтэй. Хэрвээ ингэвэл жил бүр цолны тааварт багтдаг нас нь явж байгаа хэдэн хурц арслангийн улсын цол авах магадлал нь арай өндөр болно. Энэ бол Монголын ард түмний баяр цэнгэл учраас хуулиндаа өөрчлөлт оруулах л ёстой. Бөх олонтой аймаг ч яах вэ. Гайгүй яваа нэгнээ татаад гаргаад ирж байна. Гэтэл бөхгүй газарт төрсөн сайн аймгийн арслангууд хэдий болтол дарагдаж явах вэ. Ерөөсөө 1024 бөх барилдуулж хэвшээд, сайхан барилдаж байгаа бөхчүүдэд улсын цол авах боломжийг нь ойлговол таарна. Тэр хэрээрээ ард түмэн сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Цагаан сарын барилдаан ч мөн ялгаагүй. 256 бөхийн цаана үндэсний том баярынхаа барилдаанд зодоглохыг хүссэн олон хүн байна. Тэднийг бодох хэрэгтэй. Нэг хэвшмэл зүйл баригдахгүй байх ёстой юм л даа. Би ийм бодолтой явдаг хүн. Сул хүн бол цол авахгүй шүү дээ. Аваад ч хол явахгүй.

-Сүүлийн үед бөхчүүдийн гаргаж байгаа авир, ёс суртахууны доголдол олон хүнийг эмзэглүүлж, бухимдуулах болсон. Таныг бөх үзээд сууж байтал ийм зүйл гарахад ямар санагддаг вэ?

-Монголын үндэсний бөхийн холбоо засуулуудаа залуужуулах хэрэгтэй. Хэдхэн хүн засдаг. Тэд нар нь өөрсдийнхөө шавь, нутгийнхаа бөхийг дэмждэг ийм зохисгүй байдлаас болж үзэгчдийн уур бухимдал дээд цэгтээ хүрч бүдүүлэг араншин гаргах тал бий. Энэ бол үзэгчийн буруу биш. Гагцхүү бөхийн холбооныхон шүүгч, цэцдийн бүрэлдэхүүнээ бүрэлдэхүүнээ залуужуулах ёстой юм. Бас техник, хэрэгсэл ашиглах хэрэгтэй. Хүний нүдний үзэмжээр шийдвэр гаргаж бөхчүүдийг хохироож болохгүй биз дээ. Техник, технологийн зуунд байгаа мөртлөө хоёрхон камер ашиглаад үнэн зөв шийдвэр гаргаж, яагаад болохгүй гэж. Хоцрогдсон байдлаасаа салах хэрэгтэй. Ядаж л маргаан гарахгүй шүү дээ. Нөгөө талаас үндэсний бөхийн холбоонд ёс зүйтэй холбоотой их юм бий. Холбоо сайн ажиллаж байгааг үгүйсгэж болохгүй, бид ойлгож байгаа. Гэхдээ шүүгчдээ таван ээлжээр шүүхээр бэлдмээр байна. Сайхан залуучуудаар эгнээгээ тэлэх нь зүйтэй. Хөл, гар муутай, доголон, нас нь ахисан хүмүүсээр хөлийн цэц хийлгээд сууж байгаа нь гоозүйн хувьд муухай харагддаг. Тийм учраас мэдрэмжтэй, барилдааныг сайн мэддэг залуу засуул, цэцийг бэлдэх хэрэгтэй. Нөгөө талд бөхчүүдтэй холбоотой асуудал байна. Энэ нь дүрэмтэй холбоотой. Дэвжээний захруу дайрч мэх хийдэг, барьц авдаг, хүний нуруу, нугасыг гэмттэл барилддаг зохисгүй барилдаан гарах болсон. Захын барилдаан хийдэг харцагууд голдуу хэдхэн бөх бий. Үүнийг үндэсний бөхийн дүрэм, дэг жаягтаа оруулах ёстой. Амьхандаа л бөхчүүдийг голлуул гэж засуулуудад үүрэг өгч байгаа юм. Гэтэл засуул нь бөхийнхөө хөлийг гүйцэхгүй байна. Хөөрхий зайлуул, настай юм чинь яаж гүйцэх вэ дээ. Бөх хүн бие биеэ хайрладаг ёс зүйтэй байх хэрэгтэй. Давааныхаа мөнгийг бодож нэгнээ хайр, найргүй шидэж болохгүй. Үүнийг бөхийн холбоо, бөхчүүд аль аль нь анхаарвал таарна. Нөгөөтэйгүүр өндөр цолтнууд залуу бөхчүүдийг амлаж барилдахдаа биеийнхээ бүх жингээр дарж унах юм. Зарим залуу бөх босч ирэхдээ толгойгоо сэгсрээд, муужирдаг. Ийм байж болохгүй ээ. Шүүгч барилдаан эхлэхийн өмнө үүнийг анхааруулж хэлэх ёстой байхгүй юу. Ийм зүйлийг анхнаас нь хэлэхгүй болохоор бөхчүүд үүнийг тоохгүй байна. Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгоно гэдэг шиг улсын цолтнууд нь залуу бөхөө дээрэлхэх, дарангуйлах буруу жишиг тогтох гээд байгаа юм. Үүнийг онцгой анхаарах хэрэгтэй. Барилдах сонирхолдоо хөтлөгдсөн хүүхдүүдийн зүрхийг үхүүлээд зогсохгүй гэмтээж байна. Энэ нь олон залуу бөхөд халгаатай байна. Бөхийн холбоо энэ шүүмжлэлийг зөвөөр ойлгож хүлээж авна биз.

-Ингэхэд та үндэсний бөхөөр барилдаж байв уу?

-Бид залуудаа бүгд л зааланд барилддаг байлаа. Тухайн үед аймаг, сумын цол авах гэж шимтэж барилддаггүй байсан юм. Сонирхлоороо л барилдана. Давбал давна, унавал унана. Тэр үед өнөөгийнх шиг мэргэжлийн төвшинд бөх хөгжөөгүй байсан. Хэрвээ бөх сайн хөгжсөн байсан бол цолыг гуйлгүй л авах чадалтай байлаа. Нэг аймагт очоод барилдахад ямар ч байсан хоёр давна. Харин одоо бөх бол хүний мэргэжил, амьдрал нь болчихжээ. Түүнээс биш миний үед үндэсний бөх бол сонирхогчийн төвшинд л байлаа.

-Цагаан сар юм уу, наадмаар зодоглосон уу?

-Үгүй. Цөөн удаа аймаг, сумын наадамд л зодоглож байсан байх. Би хөнгөн жингийн тамирчин байсан учраас чөлөөт бөхөөрөө л дагнасан. Хөнгөн жингийн тамирчин үндэсний бөхөөр барилдвал бэртэх магадлал өндөр. Тиймээс элдэв зүйлд хошуурахгүй чөлөөт бөхөөрөө л амжилт гаргахыг эрмэлзэж явлаа.

-Та чинь наадам болохоор аль нэг аймгийн бөхчүүдийг дасгалжуулдаг байх аа. Сүүлийн үед ямар аймгийн дэвжээнд ажиллаж байна вэ?

-Манайд нэг буруу ойлголт байдаг. Том цолтой бөх болгон сайн багш байдаг гэсэн буруу ойлголт манайхны дунд бий болжээ. Үнэндээ тийм биш юм. Дасгалжуулагч гэдэг нь тусгай заяагдсан авьяастай хүмүүс. Онол, практик, сурган хүмүүжүүлэх гэх мэт бүх талын авьяас дасгалжуулагч хүнд заяасан байдаг. Гэтэл өнөөдөр олонхи аймаг нь нэг өндөр цолтой, ахмад бөхөө дасгалжуулагч болгосон байх юм. Нөгөөх нь өөрийнхөө хэмжээнд, өөрийнхөө идэр залуудаа хийдэг байсан зүйлээ л зааж байна. Миний хувьд Говь-Алтай аймгийн бөхчүүдийг хоёр жил бэлдлээ. Говь-Алтайн бөхчүүд харьцангуй оюунлиг байдаг. Элдвийн муу зан байхгүй. Архи дарснаас хөндий. Тэдэнд бөх болох зам нь нээлттэй. Мөн Хөвсгөл, Архангай гэх мэт олон аймгийн бөхчүүд тусламж хүсдэг. Тэр хэрээр нь би тусалж, дэмждэг. Багш хүн бол нутаг усны ялгаа гаргадаггүй байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, хил хязгааргүйгээр үйлчилдэг байх нь зөв.

-Тэгвэл хувь хүний тал дээр хэнтэй гол төлөв ажиллаж байгаа вэ?

-Над дээр улсын цолтой олон бөх ирдэг. Би тэдэнд чадлаараа тусалж, өөрийнхөө санаа бодлыг хэлдэг. Улсын харцага Э.Оюунболд, аймгийн хурц арслан А.Алтанхуяг, гарьд Ж.Бат-Эрдэнэ гэх мэт. Бүгдэд нь зөвлөж, туслахыг хичээдэг. Нөгөө талаараа би чөлөөт бөхийн холбоондоо дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Манай холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж маань Ц.Нацагдорж гавьяат бид хоёрыг хүнд жингийн бөх бэлтгэх үүрэг даалгавар өгсөн. Тэр дагуу одоо 180 см-ээс дээш өндөртэй 20-иод хүүхэдтэй ажиллаж байна. Голдуу 16-20 насныхан. Өнөөдөр манай бөх явцуу хүрээнд хөгжөөд байгаа юм. Тухайлбал, олимпод Монголын нэрийг Н.Түвшинбаяр шиг дуурсгах бөх хэрэгтэй юм уу, эсвэл ардын наадмаараа монголчууд жалган дотроо байх ёстой юу гэдгийг бодолцоорой. 16-17 настай хүүхдүү 3-4 сар бэлтгэл хийгээд л зугатааж байна, биеийнхээ амрыг бодоод. Хар нялхаасаа уураг идэж, хүчний бэлтгэл хийгээд хийлсэн дугуй шиг түнтийсэн болсон хүмүүс л яваад байна. Энэ бол монгол бөхийн хөгжил биш ээ. Энэ бол буруу жишиг. Зүй ёсондоо өнөөдрийн хүүхдүүд 15-20 насандаа олимпийн бөхийн төрлөөр хичээллэж, 20 наснаасаа цааш өөрийн сонирхсон зүйлээ хөөх хэрэгтэй. Жүдод л гэхэл Н.Түвшинбаяр тэргүүтэй цөөхөн тамирчин байна. Чөлөөт бөхөд улсын начин Ж.Чулуунбат тэргүүтэй цөөн хүүхэд бий. Олимп, дэлхийгээс медаль авах магадлалтай хүүхдүүд бүгд үндэсний бөхрүү хошуурлаа. Хөгжлийн чиг хандлага нь буруу л яваад байгаа юм.

-Чөлөөт, жүдогоор хичээллэж байгаа хүмүүс үндэсний бөхөөр барилдахад ямар давуу тал ажиглагддаг юм бол?

-Системтэй, зөв бэлтгэл хийдэг хүмүүс биеэ яаж бэлдэх, ямар мэх хийхээ маш сайн мэддэг. Гэтэл хөдөөнөөс ирж байгаа 16-17 насны байгалиас заяасан унаган биетэй хүүхдүүд унаж чадахгүй байна. Бөх гэдэг чинь унахаас эхэлдэг байхгүй юу. Зөв унахаас эхэлнэ. Буруу унавал элдвийн гэмтлээс салахгүй. Тэгээд халширч бөхийн спортоор хөндийрч байгаа юм. Унаж мэдэхгүй хүмүүс үндэсний бөхөөр барилдана гэдэг бол маш буруу жишиг тогтоож байгаагийн илрэл. Үүнээс болж насаараа тахир дутуу болбол яах вэ. Насаараа их спортод зүтгэж яваа мэргэжлийн багш хүний хувьд ийм л зүйл хэлмээр байна.

-Жин багатай хүн үндэсний бөхөөр барилдах нь түгээмэл үзэгдэл болж. Тэдэнд та ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Жин багатай хүн үндэсний бөхөөр барилдаад нэмэргүй. Яагаад гэвэл үндэсний бөхийн дүрэм нь статик хөдөлгөөнтэй. Хэдэн минутаар сул бариад зогсч болдог. Гэтэл чөлөөт, жүдо нь сул зогсох л юм бол торгуулдаг. Үндэсний бөхийн арга техникийг их спортод ашиглаж, манай тамирчид том амжилт гаргаж байгаа юм. Түүнээс биш үндэсний бөхийн хажуугаар чөлөөт, жүдогоор амжилт гаргана гэвэл худлаа.

-Нэг хэсэг үндэсний бөх унтаа байлаа. Харин сүүлийн үед буцаад сэргэсэн гэдэгтэй санал нийлэх үү?

-Нийлнэ. Нэгдүгээрт дүрэм нь арай боловсронгуй болжээ. Гэхдээ илүү боловсруулах хэрэгтэй. А.Сүхбат, Д.Сумъяабазар зэрэг уран барилдаант аваргуудын арга барил бусад бөхөд нөлөөлж байна. 100 кг жинтэй байхад уран барилдаан гаргаад байж болдог. Түүнээс дээш хэтэрвэл нэг л хөшүүн, тогтсон барилдаантай болдог талтай. Шуудаг хүлээдэг, зугатаадаг, үзэгчдийг чилээдэг байдлыг дүрмээр зохицуулах л хэрэгтэй.

-Өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлж, ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Монголын ард түмэн, бөхчүүдэд, бөх сонирхогчдодоо, ахмадууд, үе үеийн тамирчин, дасгалжуулагч нартаа Ялгуусан хэмээх модон морь жилийн мэндчилгээ дэвшүүлье. Ирж буй жилдээ эрүүл энх, сайн сайхан амьдрах болтугай.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “Спортын шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж