Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш бид Эрээн хотыг хөгжүүлэх үйлст том хөрөнгө оруулалт хийсэн. Ганзагын наймаачид Эрээнээс бараа зөөж эхэлсэн цагаас бид урд хөршийн бараа, бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон. Ингээд л бид үйлдвэрлэгчид бус зөвхөн хэрэглэгчид болж хувирсан. Дотоодын үйлдвэрлэгчид гэж үгүй, зөвхөн импортын бараа бүтээгдэхүүн хэрэглэгчид болж хувирсан нь гашуун үнэн. Алхам хүрэхгүй хилийн зурвас БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд хоёрын хөгжлийн ялгааг тод харуулдаг. Бид Эрээнийг ямар хөгжилд хүргэснийг үзээгүй хүн байвал очоод нэг хараарай. Эрээн хотоос хүнс, бараа гээд өргөн хэрэглээний бүх бараагаа авдаг байсны ач гавьяа гэхэд хилсдэхгүй биз ээ. Судалгаагаар Монгол Улс нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор авдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих чиглэлд төрөөс шат дараатай арга хэмжээ авч эхэлснээр уналтад орсон үндэсний үйлдвэрлэл маань сэргэж эхэлж байна. Тухайлбал, арьс, шир, оёдол, ноос гээд бид эх орны түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Гутал, савхин эдлэл, сурагчийн дүрэмт хувцас, ноолууран эдлэл гээд бид бусдаас гуйхгүй дотооддоо хийх боломж байгааг бэлхнээ харж байна. Үйлдвэрлэлээ сэргээж, үйлдвэрлэгч болохын эхлэл нь энэ юм. Саяхан гэхэд дотооддоо автобус үйлдвэрлэж эхэлсэн баярт мэдээ сонссон. Бид бүтээж, үйлдвэрлэж чадаж байна. Гэвч үйлдвэрлэл хөгжүүлэх ухагдахуун хомс, Монголдоо хийсэн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэх монгол хүн ховор байна гэдгийг үйлдвэрлэгчид онцолдог.
Уг нь бид үйлдвэрлэлтэй болж, Эрээний бизнесийг хөгжүүлэхгүй байх боломж бий. Ингэхийн тулд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэж, занших шаардлага гарч байгаа юм. Өнгөрсөн жил Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргасан бөгөөд дөрөв орчим тэрбум төгрөгийн ашиг олсон байсан. Иргэдийн оролцоог сайжруулбал дээр дурдсан тоог даруй хэд нугалах хэмжээний ашиг олж чадна. Хамгийн ойрын жишээ бол Сар шинийн баяр. 10 хүрэхгүй хоногийн дараа болох Цагаан сараар Эрээний элдэв бараагаар хүний гар цайлгах бус дотооддоо хийсэн бүтээгдэхүүн сонгож яагаад болохгүй гэж. Далайд дусал нэмэр гэдэг дээ. Баялаг бүтээгчдээ дэмжиж, ирээдүй хойч үеэ үйлдвэрлэгч болгохын тулд бид өөрсдөө оролцох ёстой.
Мэдээллийн www.news.mn сайтын зүгээс үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин “Үнэгүй сурталчилгаа”-ны өдрийг зарлаж, үндэсний үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдэд тусалж, өнөөдрийн турш үндэсний үйлдвэрлэгчдийн сурталчилгааг олон нийтэд үнэ төлбөргүй түгээж байна. Бид эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжиж, эх орныхоо бүтээгдэхүүнээр бэлэг барих сэтгэлгээг яг одооноос тархиндаа суулгая. Ингэж гэмээнэ хөгжил рүү хөтлөгдөх болно.