Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Монголын спортын салбарынхан өнгөрсөн оны тайлангаа ард түмэндээ сонирхууллаа.

Тайлан үзэсгэлэнд спортын 30 гаруй спорт холбоо оролцсон бөгөөд өнгөрсөн онд үзүүлсэн амжилт, хийсэн ажлаа олон нийтэд нээлттэйгээр мэдээлсэн юм. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спортын бэлтгэлийн төвтэй хамтран зохион байгуулсан энэхүү тайлан үзэсгэлэн манай улсад анх удаа болсон нь энэ. Холбогдох мэргэжилтнүүдийн мэдээлснээр бол 2013 онд манай тамирчид төрийнхөө далбааг 387 удаа мандуулсан байх юм. Үүнээс 77-д нь төрийн дууллаа эгшиглүүлжээ. Мөн 118 мөнгө, 192 хүрэл медалийг тив, дэлхий, олон улсын тэмцээнээс хүртсэн байна. Мөн өнгөрсөн онд спортын салбарынхан эх орондоо олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулж нийт 873 тамирчин, төлөөлөгч оролцжээ. Тэмцээнд оролцогчдоос монгол улсад 780 сая төгрөгийн ашиг олсон байна. Үзэсгэлэн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нээж үг хэлэхдээ “2013 онд улсын төсвөөс суулгасан мөнгийг хэрхэн зарцуулснаа иргэдэд танилцуулж байна. Бид төсвийн хөрөнгийг нээлттэй байлгах зорилгоор энэхүү үзэсгэлэнг цувралаар зохион байгуулж байгаа юм” хэмээн онцоллоо. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн 053 дугаар зарлигийн хэрэгжилтийн 2013 оны ажлын үзүүлэлтийг дүгнэж шилдгүүдийг тодруулсан юм. Шилдгээр шалгарсан хувь хүн, албан байгууллага, спорт хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит батламж гардуулав. Нийслэлээс Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэд энэхүү сорилд хамгийн идэвхтэй хамрагдсан байна. Тэгвэл орон нутгаас Төв, Хөвсгөл, Булган аймгийнхан идэвхтэй хамрагджээ.

Үзэсгэлэнгийн үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй цөөн хором ярилцлаа.

-Спорт холбоод тайлангаа гаргаж байна. Танай яам өнгөрсөн онд хэрхэн ажиллав. Ямар зорилт тавьсан байв?

-Манай яам улсын төсвийг хэрхэн зарцуулж байгааг танилцуулж байгаа гурав дахь үзэсгэлэн болж байна. Эхлээд соёл урлаг, дараа нь аялал жуулчлалын чиглэлээр услын хөрөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнасан. Спортын салбарт 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс гурван тэрбумыг нь тэмцээн уралдааны шагнал, тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдын урамшуулалд зарцуулсан байна. Харин үлдсэн долоон тэрбумыг нь шигшээ багийг санхүүжүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт сурталчилгааны үйл ажиллагаа, олон улс болон улсын тэмцээнд зарцуулжээ. Эдгээр санхүүжилт нь Спортын бэлтгэлийн төв болон холбоодоор дамждаг. Тэгвэл тэд авсан мөнгөө хэрхэн зарцуулснаа олон нийтэд зургаар тайлагнаж байна. Ямар нэгэн тэмцээн зохион байгуулахад зардлыг улсаас 100 хувь дааж чадахгүй байгаа. Зөвхөн тодорхой хэсгийг төр гаргасан. Тиймээс спорт холбоод маань Ази болон олон улсын холбоодоосоо маш өндөр үнэлгээ авчээ. Монголд болсон тэмцээнд шүүгчийн будлиан гараагүй, хэвлэл мэдээллийнхэн шуурхай ажилласан, тамирчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан гээд эерэг үзүүлэлт маш олон байна. Татвар төлөгч таны мөнгийг спортын салбарынхан хэрхэн зарцуулдгийг харах боломжийг бид иргэдэд олгож байгаа юм.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж