-Эмнэлгүүдэд газрын ямар асуудал байна вэ?
-1990 онд эмнэлгүүдийн газар зориулалтынхаа дагуу нэлээд том байсан. Гэтэл 2003, 2008 онд эдгээр газрыг дахин шинэчилж олгоход өмнөх үеийнхээсээ 50-60 хувь багассан байна. Тиймээс энэ хугацаанд эдгээр эмнэлгийн газар хаашаа ямар журмаар алга болов гэдгийг тодруулж байна. Гэтэл эмнэлгийн газрыг хууль бусаар булааж авсан байх жишээтэй. Тухайлбал, эмнэлгийн ажилчдын байр, орон сууц барина гээд газрыг нь авдаг. Бидний ажилласан бүх эмнэлэг дээр ийм зөрчил илэрч байна. Эмнэлгийн ажилчдад зориулж барилга барьж байгаа учраас энэ асуудлыг бүх ажилчид нь зөвшөөрдөг. Гэвч барилга баригдаж дууссаны дараа тухайн байранд эмнэлгийн ажилчдаас маш цөөхөн хамгийн дээд тал нь зургаан хүн орсон байна. Үлдсэн 100 гаруй айл нь гадны хүмүүс орсон байх юм. Яагаад гэхээр эмнэлгийн ажилчдын цалин бага учир сая хэдэн зуун мянган төгрөгийн үнэтэй байрыг урьдчилгаа 30 хувиа өгөөд орох хүн нь цөөхөн байдаг. Энэ нь тухайн үеийн эмнэлгийн дарга орон сууцны компаниудтай гэрээ хийсэн байна.
-Тухайлбал, ямар эмнэлэгт ийм зөрчил илэрсэн бэ?
-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн газраас сургалт, үйлдвэрлэлийн төв барих нэрээр газрыг авсан байгаа юм. Гэтэл яг барилга нь баригдаад дууссан хувийн байгууллагын оффис болсон байх жишээтэй. Мөн бүх эмнэлгийн гадна талын ногоон байгууламжийг нийтийн эзэмшлийн гэдэг нэрээр нийслэл булааж авсан. Ингээд бүх эмнэлгийн замруугаа орох хэсэгт барилга баригдаж хаалт хийгдсэн байна. Тиймээс эдгээр зөрчлийг ямар эрх мэдэлтэй хүмүүс зөвшөөрөл өгч олгосон байна гэдгийг гаргаж ирнэ. Мөн одоо байгаа газраа цаашид ийм байдлаар алдахгүй байхын тулд бид эрүүл мэндийн газрын газраас дахин хэн нэгэн авахгүй байх гэдэг шийдвэрийг гаргана. Түүнчлэн одоо баригдаж байгаа эмнэлгийн барилгууд өнөөдрийн байдлаар ихэнх нь зогссон байна. Үүнийг судалж асуудлыг нь шийдвэрлүүлнэ. Түүнчлэн эмнэлгийн хашаан дотор шинээр барих эрүүл мэндийн барилгад ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй байна вэ. Үнэхээр энэ барилгыг барих шаардлагатай юу гэдэгт судалгаа хийж болно.
-Энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Газрын асуудал нэгдүгээрт, эмнэлгийн хуучин дарга нартай бүгд холбоотой байна. Тэгэхээр тухайн үед эмнэлгийн дарга хийж байсан хүн авлига хээл хахуульд холбогдсон байна гэж би үзэж байна. Тиймээс эдгээр хүмүүс одоо ямар нэг байдлаар удирдах албан тушаалд ажиллаж байгаа бол АТГ-т өгч шалгуулна. Хоёрдугаарт, энэ асуудалд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, засаг захиргаа холбоотой байна. Тэгэхээр эдгээр хүн ямар зөвшөөрлийн дагуу эдгээр газрыг өгсөн байна гэдгийг гаргаж ирнэ. Гэхдээ одоогоор ихэнх бичиг баримт нь олдохгүй байна. Архив ухаад ч хэн гэдэг хүн хэзээ энэ шийдвэрийг гарсан байна гэдэг нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч бид энэ асуудлыг ил гаргах болно. Тиймээс цаашид эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагын газрыг булааж авдаг асуудлыг нэг мөр таслан зогсоох болно. Мөн одоо байгаа газраа цаашид авч үлдэх ажилд түлхүү анхаарлаа хандуулж ажиллана.