(1963-2011)
“MN-Таван цагариг” сонины тоймч, Монголын спортын шилдэг сэтгүүлчдийн
нэг Чойндонгийн Сүхбаатар 2011 оны тавдугаар сарын 3-ны өдөр өвчний
улмаас таалал төгслөө.
Ч.Сүхбаатар 1963 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Архангай аймгийн Хайрхан
суманд төрж, Улаанбаатар хотноо бага, дунд сургуульд суралцан, 1981 онд
нийслэлийн 10 жилийн 53 дугаар дунд сургуулийг төгссөн юм.
Улмаар 1981 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангид элсэн суралцаж 1985 онд
дүүргэн, Баянзүрх дүүргийн Хүүхдийн хувцасны үйлдвэрт ажилласнаар ажил
хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна.
Ч.Сүхбаатар нь 1986-1988 онд нийслэлийн 10 жилийн 48-р сургуулийн
ХЗЭ-ийн хорооны дарга, 1988-1990 онд “Пионерийн үнэн”, 1990-1993 онд
“Спортын мэдээ”, “Монголын спорт” сонинд сурвалжлагч, 1993-1995 онд
“Алтан хундага” ХХК-д менежер, 1995 оноос өнөөг хүртэл “MN-Таван
цагариг” сонинд сурвалжлагч, ахлах редактор, тоймчоор ажиллаж байв.
Тэрбээр Монголын спортын төв хэвлэл “MN-Таван цагариг” сониныг үүсгэн
байгуулагчдын нэг, Монголын чөлөөт хэвлэл мэдээллийн анхны групп “Монгол
ньюс” ХХК-ийн тулгын чулууг тулалцсан ууган ажилтан нь байв.
Ч.Сүхбаатар нь спортын сэтгүүлчийн хувиар “Бангкок-91” Азийн оюутны
сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, “Сяошань-96” чөлөөт бөхийн
Азийн аварга шалгаруулах тэмцээн, “Бангкок-98” Азийн спортын наадам
зэрэг олон улс, тив, дэлхийн хэмжээний томоохон тэмцээнийг сурвалжилсан,
үндэсний болон чөлөөт, самбо, жүдо бөх, хөнгөн атлетик, бокс, буудлага
зэрэг спортын бүхий л төрлөөр олон шилдэг нийтлэл туурвисан, Олон улсын
спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, шилдэг сэтгүүлчийн нэг байлаа.
Түүний Монгол оронд ардчилсан, чөлөөт сэтгүүл зүйг төлөвшүүлэх, спортын
сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж
МҮОХ-ны ”Алтан очир” одон, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан,
Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, “Ган үзэгтэн” шагналаар
шагнасан юм.
Талийгаачийн хүнлэг, нөхөрсөг, нийтэч, цагаан цайлган, бусдын төлөө
сэтгэл зүрхээ зориулж, амьдралыг хөгжил баяслаар чимж, нөхдийнхөө хайр
хүндлэлийг хүлээж явсан гэрэлт, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд
үүрд мөнхрөн үлдэх болно.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР,
МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО,
“МОНГОЛ НЬЮС” ХХК, “MN-ТАВАН ЦАГАРИГ”, “ӨНӨӨДӨР” СОНИН,
МЭДЭЭЛЛИЙН "NEWS" АГЕНТЛАГИЙН ХАМТ ОЛОН, АНД
НӨХӨД