Өсвөрийн мэргэн буучид өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2014.01.21-нд нийтлэгдсэн

Өсвөрийн мэргэн буучид өрсөлдлөө

Монголын буудлага спортын холбооны шинэ оны анхны тэмцээн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр эхэллээ.

Зургаа дахь удаагийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-15-ны өдрүүдэд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвд боллоо. Тэмцээнд Улаанбаатар хотын клубүүдээс гадна Орхон, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар болон Говь-Алтай зэрэг 16 байгууллагын 100 гаруй өсвөрийн тамирчид хийн болон урт бууны дасгалд өрсөлдөв.

Энэ тэмцээнд 1996 оноос хойш төрсөн өсвөрийн тамирчид өрсөлдсөн бөгөөд түрүүлсэн тамирчид ирэх гуравдугаар сарын 7-нд Кувейтэд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ. Тэмцээний үеэр охидын хийн бууны дасгалд Сонгинохайрхан дүүргийн тамирчин З.Намдуун спортын мастер цол, тус дасгалд Орхоны Б.Баасанжаргал спортын дэд мастер цол хүртсэн байна.

Багийн дүнгээр Орхон аймаг тэргүүлж, Булган, “Аварга” клуб удаалсан бол Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, Хэнтий аймгийн багууд IV-VI байрт шалгарчээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Адилбиш, шүүгч Д.Сонинбилэг нар ажилласан байна.

Ингээд тэмцээний дүнг танилцуулья:

ОХИД:

Хийн урт бууны IV дасгал (ХБ-IV, 25 тамирчин)

Алтан медаль: спортын мастер Н.Ангирмаа (Хэнтий)
Мөнгөн медаль: спортын дэд мастер З.Намдуун (СХД). Урьдчилсан харваанд 385 онож, финалд 200.4 оноо асвнаар спортын мастерын болзол хангасан.
Хүрэл медаль: спортын мастер Д.Халиун (“Снайпер”)


Хийн гар бууны IV дасгал (ХГ-IV, 26 тамирчин)

Алтан медаль: I зэрэгтэй Б.Туул (Баянзүрх дүүрэг)
Мөнгөн медаль: Б.Дэлгэржаргал (Хан-Уул дүүрэг)
Хүрэл медаль: спортын мастер Б.Буянхишиг (Булган аймаг)

ХӨВГҮҮД:

Хийн урт бууны VI дасгал (ХБ-VI, 21 тамирчин)

Алтан медаль: спортын мастер А.Дөлгөөн (Xэнтий)
Мөнгөн медаль: спортын II зэрэгтэй С.Мишээлт (Баянгол дүүрэг)
Хүрэл медаль: спортын мастер Т.Хаш-Эрдэнэ (Хан-Уул дүүрэг)


Хийн гар бууны VI дасгал (ХГ-VI, 16 тамирчин)

Алтан медаль: спортын мастер Г.Буянбаатар (“Аварга” клуб)
Мөнгөн медаль: I зэрэгтэй Б.Ган-Очир (Баянзүрх дүүрэг)
Хүрэл медаль: спортын дэд мастер Г.Алтанбагана (”Аварга” клуб)

Тус тэмцээнээс шалгарсан тамирчид үндэсний шигшээ багт багтаж, эдгээр өдрүүдэд Орхон аймгийн цанын баазад биеийн хүчний дасгал хийж байна. Ирэх гуравдугаар сард Кувейт улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болох юм байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж