Деррик Роуз – Хамгийн залуу MVP

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Деррик Роуз – Хамгийн залуу MVP

Деррик Роуз албан ёсоор NBA-ын түүхэн дэх хамгийн залуу улирлын үнэ цэнэтэй тоглогч боллоо. Роуз ийнхүү улирлын MVP-гээр тодорсон “Чикаго Буллз”-ын хоёр дахь тоглогч болж байгаа юм. Өмнө нь алдарт Майкл Жордан “Бухнууд”-ын бүрэлдэхүүнээс энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болж байлаа.

Санал өгөх эрх бүхий сэтгүүлчдийн 113 нь түүнийг нэгдүгээр байрт сонгосон нь өрсөлдөгчдөөсөө хол тасархай байсан. Харин хоёрдугаар байрт Двайт Ховард, Леброн Жеймс, Коби Брайнт нар гурав, дөрөвдүгээрт, Кевин Дурант тавдугаарт шалгарчээ.

Шагналын эзэн энэ үед дорнод бүсийн плей-оффын хагас шигшээд “Атланта Хаукс”-ын эсрэг хийх хоёр дахь тоглолтдоо бэлтгэж байна. Тэрбээр “Өнгөрсөн зуны бэлтгэлийн баазад ирэхдээ л МVP болохыг хүсч байснаа санаж байна. Тиймээс үүний төлөө бүхнээ зориулсан. Зуны турш маш их хөдөлмөрлөсөн, учир нь улирал дуусахад л би өөрийгөө шахах ёстой гэж бодсон” гэж шагнал авсныхаа дараа сэтгүүлчдэд ярьжээ.

“Буллс” хоёрдугаар шатны цувралын эхний тоглолтдоо 103:95 харьцаатай хожигдсон. Роуз тэрхүү тоглолтод 24 оноо авсан ч 27 шидэлт хийж, 11-ийг нь л оруулсан байна. Мөн тус тоглолтод ганц ч удаа чөлөөт шидэлт гүйцэтгээгүй юм. Тоглолтын цаг дуусах мөчид хазгай гишгэн шагайныхаа гэмтлийг сэдрээсэн ч дараагийн тоглолтод ороход бэлэн гэнэ.

“Чи-Таун”-ы багаас хоёр ч тоглогч хувийн шагнал хүртээд байгаа. Гэхдээ тэд талбайдаа хийсэн эхний тоглолтдоо хожигдож, олны таамгийг эргүүлсэн билээ. Харин Роуз багийнхаа ирээдүй, хөгжөөн дэмжигчдийн оролцоотой баг нь амжилт гаргах боломжтой гэж үзэж байгаа аж. Тэрбээр “Чикаго хот их удаан хүлээж байна. Маш удаан ямар нэг амжилт гарахыг хүлээж байгаа. Амжилтаар цангаж байна. Талбайд гарах гээд явж байхад хүмүүсийн алга ташилт, биднийг дэмжиж, биднийг хурцлах гэж хэлж байгаа үгс, бидний тухай ярилцаж байхыг сонсох сайхан байдаг. Бидний хэнийг ч ялгалгүй маш сайн дэмждэг. Хөгжөөн дэмжигчид маань сэлгээний хамгийн сүүлд гарах тоглогчийг ч ялгалгүй халуун дотноор дэмждэгт баярлалаа. Энд байгаа минь үнэхээр азтай хэрэг” гэж хэлжээ.

Роуз шагналаа авсны дараа түүний ээж сэтгэл хөдлөлөө нуулгүй нулимс дуслуулан хүүгийнхээ амжилтаар бахархаж байгаа харагдсан. “Энэ шагналыг авахгүй байх вий гэж ерөөсөө санаа зовоогүй. Зөвхөн ялалтад санаа зовдог. Мөн багийнхан маань олон оноо авахгүйдаа ч санаа зовдоггүй нь гайхалтай. Тэдний хувьд статистик үзүүлэлт чухал биш, ялалт чухал. Багийн удирдлага ялагч нарыг нэг дор цуглуулсан нь гайхамшигтай хэрэг” хэмээн багийн нөхдөдөө урмын үг хэлжээ.

Чикагогийн өмнөд дүүргийн “бүтээгдэхүүн” Роуз шилдэг тоглогчийн шагнал хүртсэнийхээ дараа хоёр улирлын дотор “Бүх одод”, олон талт шилдэг тоглогч болж чаджээ.

Тэрбээр энэ улиралд 25 оноо, 7.7 оновчтой дамжуулалтыг дунджилж, Жордан-Пиппен нарын эрин үеэс хойш анхны аваргын цомын төлөөх аяллыг үргэлжлүүлж байна. Леброн Жеймсийг өнгөрсөн зун багтаа элсүүлж чадаагүй ч тэд багаа байрлал бүртээ хүчирхэг бүрэлдэхүүнтэй болгож чадсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж