
Зоонозын халдварт өвчин судлалын төвөөс маргааш “Нэг эрүүл мэнд” сэдэвт зөвлөлдөх гэж байна. Энэхүү зөвлөлгөөн нь салбар дундын хоёрдугаар зөвлөлгөөн бөгөөд ЭМЯ, Халдварт өвчин судлалын төв, Зоонозын өвчин судлалын төвөөс гадна Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэг үржлийн газар, Ус цаг уурын хүрээлэн гэхчилэн олон байгууллагын төлөөллийг оролцуулах ажээ. Зоонозын өвчин буюу олны нэрлэж заншсан байгалийн голомтот халдварт өвчний дэгдэлт сүүлийн жилүүдэд буурсан дүн гарчээ. Мал амьтнаас болон бусад замаар хүнд халдварладаг өвчнөөс манайхан тарваган тахал, боом, галзуу зэрэг нутагшмал өвчлөлийг илүү сайн мэддэг. Энэ төрлийн өвчлөл харьцангуй буурсан ч шинэ нэр төрлийн зоонозын өвчнүүд дэлхий нийтийн болоод манай улсын хувьд ч бүртгэгдсээр байгаа гэнэ. Тиймээс зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулахад бүхий л салбарын оролцоо чухал байдаг. Тиймээс Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зоонозын халдварт өвчний салбар хоорондын зөвлөгөөнийг зохион байгуулахаар болжээ. Зөвлөгөөн Кемпински зочид буудалд бүтэн өдрийн турш үргэлжлэх ажээ.
Д.ЦЭЭНЭ