
ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын найман хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал эхлэхээс өмнө хохирогч ирээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулах хүсэлтийг шүүгдэгчдийн талаас тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй байна. “Гал үндэстэн холбоо”-ны гишүүдийг гурван өмгөөлөгч өмгөөлөн оролцож байгаа аж.
Ц.Мөнхбаяр нарын дээрх найман иргэнд Эрүүгийн хуулийн 177.2 буюу зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдад хор уршиг учруулсан, 149.3 буюу зохион байгуулалттай бүлэг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1.2 буюу галт зэвсэг байлдааны хэрэгсэл хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа.