Д.Эрдэнэбатыг сонгодоггүй нь Багануурынхны зөв байжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.21-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбатыг сонгодоггүй нь Багануурынхны зөв байжээ

УИХ-д дураараа бур­даг, түүндээ хариуцлага хүлээдэггүй, уучлал гуй­даггүй цөөнгүй улс­төрч байгаагийн нэг нь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат. Тэрбээр өмнө нь гурван ч удаа УИХ-д нэр дэвшсэн. Гэсэн ч түүнийг багануурчууд сон­гоогүй. Уг нь бол түүний ажилласан туршлага, бү­тээсэн бизнесийг нь бод­вол багануурчууд хэнээс ч илүү олноороо санал өгөх байсан. Гэвч тэгээгүй. Үүнийг Д.Эрдэнэбат ги­шүүн “Шударга бус ялаг­дал” хэмээн дүгнэж, За­луучууд зочид буудлын өрөөн дэх сонгуулийн штабаа тараадаг түүхтэй. Энэ бүх ялагдлынхаа төгсгөлд тэр­бээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, олон жилийн дараах “од” болох түүхийг эхлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, ялагдал амсахаас өөрийг мэддэгүй Д.Эрдэнэбат гэх хувь хүний карьер шинээр төрсөн гэсэн үг.

Ардчилсан намын пиар­чид түүнийг хөдөөгийн сонгогчдод таалагддаггүй хэ­мээн итгэдэг. Намынхаа хурлыг хийж, 21 аймгаар явахдаа уулзалтад ирсэн гишүүдээ загнаж, зандарч тэр хавьдаа л “Буян”-гийн Б.Жар­галсайхан болох нь бий. Бас болоогүй хээгүй эрийн дүр эсгэх нь өөрт нь таалагддаг гэж хувийн зөвлөгч нь хэлсэн бололтой өнгөлөн далдлалтай жүжиглэлт хийсэн нь ч цөөнгүй. Харин түүнийг хот руу ороод ирэхэд олонх нь жийрхдэг. Удирдлагагүй, зохион байгуулалтгүй, хяналтгүй бурдаг, хөдөө төрхтэй… гээд л. Хамгийн гол нь энэ шүүмжлэл нь өөрөө соёлт улстөрчид дунд ихээхэн дэлгэрсэн дүгнэлт. Хүмүүс түүнийг ингэж дүгнэдэг. Харин бичлэгт бол дээрх хоёр дүгнэлт ердөө л хачир. Учир нь “УИХ дахь Ардчилсан намын бүлэгт очиж, очиж Д.Эрдэнэбат шиг дарга л олдлоо гэж үү” гэсэн гайхшралд сэтгэлээр унах шалтгаан олон бий.

Наад зах нь тэрбээр “УИХ-д суудалгүй намуудыг татан буул­гах асуудлыг Улс төрийн на­муудын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийнхэн ярилцаж байгаа” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Намаас нь сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилсан улсын ардчилсан төрийн тэргүүн гэдгээрээ бахархдаг. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нь ардчилсан Ерөнхий сайд болж, түүхэнд үлдэх гэсэндээ долоо хоног болгон хэвлэлээр хүчээр ч хамаагүй инээмсэглэн баруун солгойгүй бурж байна. Үүнийгээ алдаа гэхээс илүүтэй “Ардчиллын Н.Алтанхуяг” гэсэн үнэ цэнтэй үлдэх гэсэндээ л хийж байгаа. Гэтэл Д.Эрдэнэбатын хувьд эсрэгээрээ. Тэр өөрийгөө удирдлагагүй, зохион байгуулалтгүй, соёлгүй гэдгийг өдрөөс өдөрт баталж байна. Тийм ч учраас “Бусад намууд сэрсэн байна уу, тэр нь маш зөв. Сонгууль болохоор гэнэт сэрж ирдгээ болих ёстой. Би зүгээр санамсаргүй ингэж хэлсэн юм биш. Намуудыг татан буулгая гэж яриагүй. Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт бүх намын төлөөлөл багтсан. Гэтэл цөөхөн хэдэн намаас бусад нь идэвхигүй байсан. Яг үнэнийг хэлэхэд энэ хэдэн намыг сэрээе гэдэг үүднээс би хэлсэн юм. Сэрсэн бол баярлалаа” гэв.

Бүхэл бүтэн Ардчилсан намын генсек байсан хүнээс ийм үг гарна гэдэг Монголын ардчилагчид, тэдний анхдагчид нь та биднээр доог, тохуу хийсэн шигээ суудаг болохыг баталж буй эхний ч бус эцсийн биш баталгаа. Тэд та биднээр ингэж тохуурхдаг байх нь. Наад зах нь Д.Эрдэнэбат гэх хувь улстөрч өөрийнх нь ардчиллын эсрэг хэлсэн үг Монгол Улсын рейтингийг доош нь хэрхэн унагааж болохыг мэддэг байх ёстой. Цаашлаад сайн ч бай, муу ч бай улс төрд төдийгөөс өдий хүртэл явж, хамтран ажиллаж, хамтдаа нэг мөрөнд зэрэгцэн зогсож байсан бусад улс төрийн хүчнүүдээ хүндэтгэх ёстой гэдгээ мэддэг байх учиртай. Гэтэл тэрбээр тэгсэнгүй. Ердөө хагас жилийн өмнө 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үер Ардчилсан нам парламентад суудалгүй намуудын дэмжлэгийг авсан. Өмнө нь МАН-ын хүнд суртал, хуйвалдаан, үл хүндэтгэлийн эсрэг тэмцэхэд нь Ардчилсан намд хэн хань болж, хэн дэм болж байсан юм. Нөгөө л жижиг намууд. Тэд Д.Эрдэнэбат гэдэг хүнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын суудал нь ийм их тохуурхал, доромжлол хийх эрхийг өгчихнө гэж тухайн үед бодож амжаагүй нь тодорхой. Эндээс харахад Д.Эрдэнэбатыг гурван ч удаагийн сонгуульд ялалт байгуулахаас нь эмээж саналаа харамлаж суусан багануурынхан гайхалтай ухаантай сонгогчид байжээ. Хэрэв тэр тухайн үедээ гишүүн болсон бол Монголын ардчиллыг бүхэлд нь он удаан жилийн турш өөрийнхөө хүчээр инээж суугаад, ёсолж зогсоод доромжилж орхих байсан биз. Иймд сонгогчид дундаасаа ялалт байгуулж чадахгүй Д.Эрдэнэбатыг хувь хүнийх нь хувьд УИХ-аас татаж, жагсаал­таар жараахайнууд сонгогддог гэдгийг батлан ха­руулахад алдах зүйл юу байх вэ.

Г.ОТГОНЖАРГАЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж