Дундад улсаар довтолгохуй…

Хуучирсан мэдээ: 2014.01.21-нд нийтлэгдсэн

Дундад улсаар довтолгохуй…

Хачирхалтай поза…

Өнгөрсөн жил дэлхийг байлдан дагуулсан Солонгосын дуучин Рsy-ийн “Gangnam style” дууны бүжиг шиг нэгэн сонирхолтой зогсолт яг одоо өмнөд хөршид ид хит болж байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү зогсолтыг төрийн албаныхан түгээмэл ашигладаг болсон гэж байгаа. Яг л “Обамадах” гэдэг шиг хит болсон үйлдэл.

Ямар хөдөлгөөн гэж үү. Хэрэв зогсч буй бол хөлдөө мөрний хэмжээний зайтай, зүүн гарынхаа бугуйг баруун гараараа барьж зогсоно. Хөндлөнгөөс харахад ичимхий эрхтнээ гараараа далдлаа юу гэлтэй нэг тийм содон төрх. Хэрэв та Бээжин хотын гудамжаар алхвал иймэрхүү “поза” авч зургаа авахуулж буй залуусыг хаанаас ч олж үзэж болно. Сонирхолтой нь энэ стилийг Хятадын дарга нар санаачилж, иргэд нь дуурайх болжээ.

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамдын хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн газрын захирлуудын анхны зөвлөлдөх уулзалт 2014 оны нэгдүгээр сарын 13-нд Бээжин хотноо болж, Монгол Улсын ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр, БНХАУ-ын ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн газрын захирал Чин Ган нар тус тус даргалж оролцов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр орны ард түмний харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг чухал болохыг талууд тэмдэглэж, сэтгүүлч хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хятадын тал Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын байнгын төлөөллийг нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлэхийн зэрэгцээ  хоёр орны сэтгүүлчийн солилцоог идэвхжүүлэхээ мэдэгдэв.

Монголын тал энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх санал тавив.

Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МОНЦАМЭ, News агентлаг, MNC зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд тэднийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жан Мин, Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Сүн Яаомин нар тус тус хүлээн авч санал солилцов. Мөн манай сэтгүүлчид Хятадын олон улсын радио, Синьхуа агентлагт зочилж удирдлагуудтай уулзлаа.

Зөвлөлдөх уулзалт нь өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд болж буй бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буй энэ жилийн анхны арга болсноороо онцлог юм.

Эхэнд өгүүлсэн байрлалын тухайд, дэлгэрсэн учир нь их сонин түүхтэй сонин. Нэгэн сахилгагүй нөхөр өнгөрсөн жил уулзалт, хүлээн авалт болгон дээр шахуу очин дарга нарын үнэтэй цаг, үзэг зэргийг гэрэл зурагт буулгаж гарч. Уулзалт болгон дээр үнэтэй цаг нь өөр өөрөөр солигдох нь энүүхэнд. Харин энэхүү баримтаа Хятадын нийтийн сүлжээ /манайхаар бол facebook, twitter/-гээр ил болгожээ. Иргэд мэдээж үүнд нь асар ихээр эгдүүцэж, багахан хугацаанд хэн нь хэдэн мянган долларын үнэтэй цаг зүүдгээс эхлээд төрийн албаныхны тансаглал, авлигыг улс орон даяар жигшин зэвүүцэхэд хүрсэн байх юм. Эрх баригчид ч зүгээр суусангүй. Нийтийн сүлжээнд тавьсан зургаас үүдэн тухайн дарга, түшмэдүүдийг шалгаж гарчээ. Ингээд олон албан тушаалтанд авлига, албан тушаалаа ашигласан хэргээр хариуцлага хүлээлгэсэн байна. Эхэн үедээ үнэтэй цагаа харуулахгүй гэхдээ нэг гараараа цагаа барин нуудаг байснаас үүдэн ийм зогсолт зураг авахуулах үндсэн үйлдэл болтлоо өргөжиж л дээ.

Төрөөс хатуу бодлого барьж, бугуйн цагнаас нь үүдэн шалгаж, яллаж эхэлсэн учраас хойш төрийн албаныхан нь хэдэн мянга бүр зуун мянган ам.доллараар хэмжигдэх цагаа гэртээ хар авдартаа хадгалахаас аргагүй болсон гэнэ. Одоо бол бүр бугуй хоосон явдаг болсон нь Хятадад хийсэн Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамдын хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн газрын захирлуудын анхны зөвлөлдөх уулзалтын үеэр ажиглагдсан. 

Авлига хийгээд хэмнэлт…

Хятадууд бүхэлдээ нэгэн зүгт харж байна. Тэртээ хүнд хэцүүхэн он жилүүдэд Ерөнхий сайд агсан П.Жасрай гуай бүсээ чангалахыг уриалан, эдийн засгаа аварсан түүх бий. Монголчууд үнэхээр хүнд байсан ахуйд энэ бодлого сөхөрсөн эдийн засгийг нэг мөр элгээр нь хэвтүүлэхээс сэргийлж чадсан гэдэг. Харин энэ он жилүүдэд дэлхийн аль ч улс орны эдийн засаг даралтад орчихсон, хүндхэн байдалтай. Хаа сайгүй үйлдвэрчний эвлэлүүд жагсаал хийж, цалин тэтгэмжийг нэмэхийг шаардах болсон. Энэ зовлон ч БНХАУ-ыг тойрч өнгөрсөнгүй. Тэд эдийн засгийн хямралтын эсрэг үйлдвэрлэлээ хөгжүүлж, төр, хувь ялгаагүй хэмнэлтийн бодлого барихаар болжээ. Ингэхдээ хамгийн хамгийн түрүүнд төрийн албан хаагчдынхаа сул зардлыг хасч эхэлсэн байна. Төрийн албан тушаалтнуудын тансаг зоог, үнэтэй зочид буудалд буухаас эхлээд бүхий л зүйлд их удирдагчийнх нь хэмнэлтийн бодлого үйлчилж байна гэхэд болно.

Хэмнэлтийн бодлогын салшгүй нэг хэсэг нь хүнд суртал, авлигаас салах явдал. Авлигачдаас салж, эдийн засгаа өшөө хөгжүүлж гэмээнэ дэлхийд номер нэг улс болох зорилгоо биелүүлнэ гэж тэд үзэж байна. Тиймээс хамгийн түрүүнд их цэвэрлэгээг төрийн албанаасаа хийгээд эхэлжээ. Өнгөрсөн жилд л гэхэд БНХАУ төрийн албан хаагчдынхаа 180 мянга орчимд нь авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг тулгаж зохих шийтгэлийг нь оноосон гэх статистик баримт байна. Төрийн мөнгийг дур зоргоороо үр бүтээлгүй, үрэлгэн зарцуулдаг явдлыг зогсоох нь хамгийн чухал хэмнэлт гэж үзсэн тэд түүнийгээ ч хийж эхэлсэн илт анзаарагдана.

Хэмнэлтийн үр дүнд эдийн засгаа хөгжүүлэх бол түүнээс дутахааргүй анхаарлаа хандуулж буй нэгэн зүйл нь гадаадад өөрсдийнхөө талаар сайтар сурталчилгаа хийх, ойлгуулах нь чухал гэж өмнөд хөршийнхөн маань үзэж байна. Ингэхийн тулд, хамгийн чухал хийгээд онилсон бай нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өөрсдийн байр суурийг илэрхийлж, асуудлыг идэвхижүүлэхэд оршино. Тиймээс ч Хятадад хийсэн Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамдын хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн газрын захирлуудын анхны зөвлөлдөх уулзалтын үеэр өөрийн улсын баримталж буй бодлого, бүс нутгийн хөгжил, үндэсний томоохон үйлдвэрчидтэй танилцуулж байлаа. Энэ тухай дараагийн удаад өгүүлэх болно.

Үргэлжлэл бий.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж