
Уг нь энэ аймагт Ардчилсан нам ялж байсан удаагүй, сүүлийн 24 жилийн хугацаанд болсон УИХ, орон нутгийн сонгуулийн дүн энэ бүхнийг илтгэдэг. МАН-ыг эрх барьж байх үед ч цөөнх болж, сөрөг хүчний байр суурьд шилжсэн үед ч алтайчууд зангаа хувиргасан удаагүй юм. Гэвч алтайчууд энэ удаад өөр сонголт хийж МАН-ын цайзыг нураасан төдийгүй шинэ дарга М.Энхболдын ялагдлыг ч тодорхойлов. Сонголт яагаад өөрчлөгдөв, Ардчилсан нам бусдаасаа илүү байсан хэрэг үү? Үйл явдлыг хөөж үзвэл МАН-ын цайзыг нураахад олон хүчин зүйл нөлөөлжээ.
Нэг
Алтай нутаг МАН-д ээлтэй нутаг. Ерөнхий сайд агсан П.Жасрайн төрж өссөн нутаг гэдгээрээ ч тэрүү, ганц босоо явж ирсэн улс төрийн хүчин бол зөвхөн Ардын намынхан. Харамсалтай нь, энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялалтаа баталгаажуулж чадсангүй. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол дахин сонгуульд МАН 15 хүн нэр дэвшүүлснээс намын жагсаалтаар дэвшсэн тав нь бетон зуурмагийн үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд байжээ. Тодруулж хэлбэл, тэд зөвхөн нэг компанийн ТУЗ-ийн гишүүд байсан төдийгүй намын нэрээр дэвшигчдийг танил тал, эрх мэдэл, амбиц дагуулж сойсон нь өрсөлдөгчдөө таван суудлыг нэг дор алдахад хүргэжээ.
Хоёр
Нийт 17 мандатын төлөө 15 нэр дэвшигч сойсон хэрнээ орон нутгийнхаа зовлон, жаргалыг илүү сайн мэдрэх аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярыгаа нэр дэвшүүлсэнгүй, тойргийн гадна үлдээжээ. Үүнээс болж Говь-Алтай аймаг дахь МАН-ын хороо хоёр хуваагдсан гэх мэдээлэл байна. Сонгогчдын хувьд хоёр талцсан улс төрийн хүчинд итгэл хүлээлгэхэд амаргүй байсан нь Ардчилсан намын хувьд ялалт авах боломж өгчээ. Гэхдээ МАН-ын удирдлагуудын зүгээс Говь-Алтай аймгийн Засаг даргад итгэл хүлээлгээгүй нь МАХН талд үйлчлэх вий гэх хардлагатай нь холбоотой байж болзошгүй аж. Засаг дарга Ш.Амгаланбаярыг улс төрд хөл тавихад гараас нь хөтөлсөн хүн МАХН-ын дарга Н.Энхбаяр байжээ. Хэдийгээр ийм хардлагаас болж, тэр МАН-ынхнаас жийгдсэн байж болох ч уг гарал нэг МАХН-МАН хоёр сайн ойлголцсон бол ялалтаа баталгаажуулж чаддаггүй юм гэхэд ядаж тал суудлаа алдахгүй байх боломж байсан гэх. Учир нь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн Говь-Алтай аймаг дахь тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгаж, алт олборлох тухай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт илгээсэн бичиг орон нутгийн сонгуульд ялалт авчирхад нь хамгийн том PR болох байв. Хэдийгээр энэ асуудлыг МАН-ын зүгээс хөндсөн ч сонгууль зарлагдсан орон нутагтаа гүнзгий тавих нь чухал байж… Байгаа оноогүй, байршлаа онож сонгоогүй гэмээр PR зөвхөн Улаанбаатар хотод өрнөсний үр дүн энэ төдийгүй гол тоглогч байж болох хүнээ нэр дэвшүүлээгүйн гор энэ бололтой.
Гурав
Аль ч улс төрийн хүчин сонгууль бүрт ялахын төлөө зорилго тавьдаг. Харин МАН-ын шинэхэн удирдлагууд яагаад ч юм ялалтаа баталгаажуулахын төлөө нэг их чармайсангүй, Алтай нутгаас УИХ-д сонгогдож байсан, мөн сонгогдон УИХ-д төлөөлж суугаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг болгочихно гэж бодсон уу, тэдэнд ачааг үүрүүлэн ард зогссон нь бас л алдаа болж хувирч байх шиг. Ж.Энхбаяр гишүүний хувьд нисдэг тэргээр чоно авласан гэх хэрэг мандааж нутгийнхаа нэрийг сэвтээсэнд алтайчууд одоо ч хилэнтэй суугаа. Ц.Дашдорж гишүүн 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ сайхан амлалтууд өгч байсан ч биелэсэн нь цөөн. Ер нь Говь-Алтай аймгийг бусадтай нь харьцуулахад хөгжлөөрөө ямагт хоцрогдож ирсэн нь МАН сүүлийн 24 жилийн туршид засаглаж ирсэнтэй нь холбоотой төдийгүй УИХ-д сонгогдсон түшээд нь нутгаа хөгжүүлэх чиглэлээр санаж сэдэж юм бүтээсэн нь үгүй. Зөвхөн өөрсдийгөө УИХ-д дархалж суухад алтайчуудыг ашиглаж ирсэн юм шиг нутгаа хөгжлийн хувьд орхигдуулсан нь алтайчуудын хувьд энэ удаад сонголтоо шинээр хийж, Ардчилсан намд итгэл үзүүлэхээс өөр сонголт байгаагүйг онцлох сонгогч цөөнгүй байна.
Дөрөв
Говь-Алтай аймагт болсон дахин сонгуульд Ардчилсан нам, Ардын намынхан өрсөлдсөнөөс гадна МАХН хүнээ дэвшүүлжээ. МАХН-ын зүгээс 12 хүнийг дахин сонгуульд сойжээ. Дахин сонгууль зарлагдахад мөн тус нам гол нөлөө үзүүлсэн. Хэрэв тус нам шүүхэд гомдол гаргаагүй бол өнөөдөр МАН тус аймагт олонхи хэвээр байх байв. Учир нь 2012 оны орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчдийг тус аймгийн Сонгуулийн тойргийн хороо нь бүртгээгүй тул уг намынхан шүүхэд гомдол гаргаснаар энэхүү дахин сонгууль зарлагдсан юм. Гэвч МАХН нэг ч суудал авч чадсангүй. 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш тус намууд зарлагдсан сонгууль бүрт саналаа хуваасаар ирсний хамгийн сүүлчийн нотолгоог дахин сонгууль баталгаажуулав.
Дээр нь МАН-ын зүгээс МАХН-ын дарга нарыг Говь-Алтай аймагт ажиллахаар очиход нь хэрүүл зарга үүсгэсэн нь МАН-д, МАХН-д ч сайн зүйл авчирсангүй.
Өөрөөр хэлбэл, МАН Алтайд ялж чадаагүйн шалтгаан нь дотооддоо хоёр хуваагдсан, хүнээ сонгож нэр дэвшүүлж чадаагүй, PR-иа оновчтой хийгээгүй, нутаг орондоо ажил хийгээгүй түшээдээ дахин сонгуульд явуулснаараа МАН өөрийнхөө цайзыг өөрсдөө нураагаа юу гэлтэй. Дээр нь МАН, МАХН хоёр нэгдээгүй цагт бие биенээ унагасаар байх болно гэдгийг тод жишээ энэ удаагийн сонгууль болов.
Тав
Иргэд, сонгогчийн итгэлийг олно гэдэг бэрх даваа болохыг Ардчилсан намынхны 24 жилийн туршид Говь-Алтай аймагт хийсэн цуцалтгүй оролдлого ийн харууллаа. Одоо итгэлийг дааж Алтай нутагт ажил хийх нь чухал. Мэдээж ийм итгэл ирэхэд Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс жил гаруйн хугацаанд хийсэн зарим ажлын үр дүн нөлөөлсөн нь лавтай. Сонгогчид гэдэг хий хоосон зүйл харж сонголт хийдэг хүмүүс биш. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүндээ итгэл хүлээлгэхийг илүүд үздэг болсон. Энэ утгаараа итгэл дааж алтай нутгийг хөгжүүлэх Засаг даргыг шинээр бүрдсэн ИТХ-аас сонгох нь чухал болж байна. Сонгогчид шинэ сонголт хийж чадсан шиг шинээр бүрдсэн ИТХ-аас нутгаа хөгжүүлэх хүнийг л сонгож гаргаж ирж, Засаг даргад санал болгох шаардлагатай гэсэн үг.