Цагаан сарын дараа нэг хэсэгтээ л баярын уур амьсгалаас салж чаддаггүй. Ажиллаж байгаа нэртэй л болохоос биш хэн ч ажил хийдэггүй. Өөрөөр хэлбэл, бүтээмж гэх зүйл баярын өмнөх болоод баярын дараах өдөрт үнэндээ байдаггүй. Монголчуудын хувьд баяр наадам ихтэй хэмээгддэг ч бүх нийтээр амарч тэмдэглэдэг хэдийг нь ялгаад орхивол бусад улс орнуудтай харьцуулахад их биш. Гэтэл ийнхүү бүх нийтээр амарч болдог ихэнх баярын өдрүүд нь амралтын бямба, ням гаригт таарч, түүнээс ч болж баасан гариг, эсвэл даваа, мягмар гариг нь албан ёсоор ажил цалгарддаг өдөр болж хувирлаа.
Юун амрах дуртай юм гэж шүүмжлэх нэгэн гарах байх. Бүр ажил хийснээрээ буруудахгүй, хөгжсөн орон биш юундаа амардаг юм гэх мэтээр буруутгагчид ч гарна. Гэвч үнэндээ ажиллах ёстой гэж буй өдрүүдэд төрийн болоод нийтийн ажил хэр явдаг билээ дээ. Их сургуульд багшилдаг найз маань “Баярын дараагийн өдрүүдэд хоёр гуравхан оюутан суулгачихаад яаж хичээл заах вэ дээ” гэх, хүүхдийн маань цэцэрлэгийн багш “Хэн ч хүүхдээ авчрахгүй юм чинь цэцэрлэгийн хэд маань хоорондоо золгочихоод л нууцхан тарна шүү дээ” гэх, банкинд ажилладаг эхнэр маань “Цагаан сарын өмнөх болоод дараагийн өдөрт мөнгө задлуулах гэсэн хүмүүс л орж ирэхээс өөр ямар нэг гүйлгээ, үйлчилгээ авдаг нь үгүй шүү дээ” гэх, хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг бидний хувьд ч үйл явдал, хурал, арга хэмжээ гэх зүйлгүй учраас мэдээ мэдээлэл хомсхон байдгийг ч мэднэ. Энэ бүхэн юуг хэлээд байна вэ гэвэл “Ажил хийх хүн байхгүй” болдгийг л хэлж буй юм.
Энэ тухай нэгэн нийтлэлч ажиглалт хийснээс нь харвал үнэхээр энэ жилийн ихэнх баярын өдрүүд амралтын өдрөөр таарчээ. “Шинийн 1 нэгдүгээр сарын 31-ний баасан бөгөөд амралтын өдөр болох шинийн 2 хоёрдугаар сарын 1-ний бямба, шинийн 3 ням гаригт таарч байгаа. Мөн “Мартын 8” бямба гаригт, Олон улсын хүүхдийн баяр тохиодог зургадугаар сарын 1 бас л амралтын өдөр буюу ням гаригт, Улсын баяр наадмын хоёр өдөр буюу 12, 13-ны өдрүүд бямба, ням гаригт, 2012 оноос эхлэн Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэх болсон өдөр энэ жил мөн л ням гаригт” байна гэж. Гол нь тухайн нийтлэлч маань амралтын өдрөөр таарсан баярын өдрийг дараагийн ажлын өдөрт нь шилжүүлэх санал гаргаж үүгээрээ дамжуулан эдийн засгийн хэмнэлт гаргах, гэрэл, цахилгаан, бензин шатах тослох материал гээд маш олон төрлийн урсгал зардлаас багагүй мөнгө хэмнэх тооцоолол гаргасан аж.
Үнэхээр бусад улс оронд ч үүнийг бодолцон амралтаар таарсан баярын өдрийн амралтыг дараагийн ажлын өдөр шилжүүлдэг аж. Бидний үлгэрлэн дуурайх дуртай Японд хүртэл баярын өдрийн амралт чамгүй олон, амарсан шиг амарч, ажилласан шиг ажиллаж байж амжилтанд хүрнэ гэж үздэг. Мөн баярын амралтыг долоо хоног тутмын амралтын өдөртэй зөрүүлэхийн тулд “Энэхүү баярын амралт нь жилийн тэд дэх долоо хоногийн даваа гаригт байна” гэх зэргээр хуульчилж өгөх ч гаргалгаатай байдаг гэнэ. Амрахын дон туссандаа биш, ажилласан нэртэй ажил цалгардалтаас залхсандаа үүнийг бичихээс арга алга. Бямба, ням гаригт таарсан баярын амралтыг яагаад ажлын өдөрт шилжүүлж болохгүй гэж. Хэрэв үүнийг хийж чадвал алдаатай биш хожоотой л зүйл болно. Үгүй гэж эсэргүүцэж буй бол цагаан сарын баярын дараагийн өдөр гадуур яваад ажил хөөцөлдөөд үзээрэй. Мөн бүтэх байх даа.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №045