Бан Ги Мүн Сирийн ярианд Ираныг урьжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Бан Ги Мүн Сирийн ярианд Ираныг урьжээ

Сирид гурав орчим жил үргэлжиж буй зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхээр хичээж буй Женевийн ээлжит уулзалт удахгүй Швейцарьт эхэлнэ. Үүнээс өмнө Монтрё хотод болох олон улсын бага хуралд Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхний аль, аль нь оролцохоор зөвшөөрсөн нь нааштай үр дүн гарах найдвар төрүүлж байгаа аж. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ирэх лхагва гаригт эхлэх Сирийн асуудлаарх бага хуралд Ираны төлөөлөгчдийг оролцохыг урьсан нь асуудал үүсгэсэн байна. Бан Ги Мүний урилгыг Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед-Жавад Зариф хүлээж авснаа мэдэгджээ. Харин Сирийн үндэсний эвслээс уулзалтанд Ираны төлөөлөгчид оролцохоор бол Женевийн хэлэлцээрт нэгдэхгүй гэж мэдэгдсэн байна. Учир нь Иран улс нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэмжигч, ойрын холбоотон орон юм.

Монтрёд болох уулзалт нь ирэх 24-нд Женевт болох Сирийн сөргөлдөгч талуудын шууд яриа, хэлэлцээрийн өмнөтгөл аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж