26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар 2014 оны тодотгосон төсвийг хэлэлцлээ.

Энэ жил тус аймагт их хэмжээний мөнгө төвлөрсөн. 2013 оны шилжих үлдэгдэл 15 тэрбум, 2014 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-нд 10.1 тэрбум, “Эрдэнэт сан”-д 830 сая төгрөг төвлөрчээ. 2013 оны шилжих үлдэгдлийн 15 тэрбумын 11 –г нь хөрөнгө оруулалт, их засварт үлдсэнийг нь эд хогшил худалдаж авахад зарцуулна. Өмнөх жилүүдэд Орхон аймаг нь мөнгөгүйн бэрхшээл амсдаг байсан бол энэ жил хэрхэн үр ашигтай, оновчтой зарцуулах вэ гэсэн асуудалд толгойгоо гашилгалаа. Учир нь төсвийн тодотголтой холбоотойгоор АИТХ-ын төлөөлөгчид багагүй муудалцаж байв.

Тухайлбал, аймгийн ЗДТГ нь танилцуулга, бэлэг дурсгалын зүйлс худалдаж авахад 200 сая, тус газрын нийтийн бие засах газрыг засварлахад 10 сая, “Нутгийн удирдлагын ордон” –ы спорт танхимыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх зориулалтаар өөрчлөхөд 98 сая, аймгийн “Залуучуудын холбоо” ТББ-д 15 сая, жил бүр хөрөнгө хуваарилж засдаг ч сайжирдаггүй “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборыг дахин сэргээн засварлахад 100 сая төгрөг гэхчилэн нэрлэвэл олон жагсаалт байна. Аймгийн Засаг даргын тамгын газрын нийтийн бие засах газрыг засахад 10 сая төгрөг төсөвлөчихөөд батлаагүй байхад ажил нь аль хэдийн эхэлсэн байгаагийн учрыг төлөөлөгч А.Түвшинжаргал ЗДТГ-ын дарга В.Сумъяасүхээс тодруулахад, тэрээр “10 хүртэлх сая төгрөгийг тендер, сонгон шалгаруулалт зарлалгүй эрх мэдлийн хүрээнд шийдэж болно” гэхэд А.Түвшинжаргал мөн л “Төсвийг нь одоо л хэлэлцэж байна. Батлах эсэхийг нь шийдээгүй байхад засварын ажил яагаад хэдэн өдрийн өмнө эхэлсэн бэ. Та үүнийг ямар эрх мэдлийн хүрээнд хийв” гэхэд аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх хариулсангүй. Мөн аймгийн “Залуучуудын холбоо” ТББ-д төсөвлөсөн 15 сая төгрөгийг олон төлөөлөгч дургүйцэж байв. Үүнээс гадна энэ онд байгаль орчныг хамгаалах арга хэмжээ, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын чиглэлээр 1.3 тэрбум, “Авто замын сан”-д 555.8 сая төгрөг төсөвлөгджээ.

Уг сангийн хөрөнгөөр Баянбулаг багийн 1.3 км хатуу хучилттай авто зам шинээр барина. 2014 оны төсвийн тодотголын төсөлд “Увидас” циркийн ажилчдын цалин, тоног төхөөрөмжид 21.7 сая төгрөг төсөвлөсөнийг тодруулахад, Хүүхэд, залуучуудын театрын дарга Д.Бэхбилэг, “ Сүүлийн 10 жил манай аймагт цирк эрчимтэй хөгжиж байгаа. Үүнийг улам дэлгэрүүлэхийн тулд хувиараа циркийн урлагийг хөгжүүлж буй иргэдийг театрынхаа дэргэд үйл ажиллагаа явуулж, бодлогоор дэмжих нь зүйтэй гэж уг асуудлыг оруулж ирсэн” гэлээ. Энэ мэт зарим төсөвтэй холбоотойгоор төлөөлөгчид санал, шүүмжлэлээ хэлж их мөнгийг зөв зүйлд зарцуулахыг сануулсан юм.

  Б.ОЮУН-ЭРДЭНЭ

ЭХ сурвалж: http://erdenetinfo.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж