Мянгаас хоёр нь худалдаанд

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Мянгаас хоёр нь худалдаанд

Хүн худалдаалах гэмт хэргийн талаар АНУ-ын Төрийн Департментаас 2013 оны зургадугаар сард гаргасан илтгэлд манай улс 2006-2013 онуудад хоёрдугаар ангилалд орсон байна. Энэхүү ангиллын нэгдүгээрт энэхүү гэмт хэргийн эсрэг тэмцэх ажилд тухайн улсын Засгийн газраас маш сайн ажиллаж байгаа улсууд ордон бол харин манай улсын орсон хоёрдугаар ангилалд тодорхой ажил хийж, бага зэргийн ахиц гаргасан улсууд жагсдаг аж.

Хүн худалдаалах гэмт хэрэг/ХХГХ/ нь маш өндөр зохион байгуулалттай, ихэвчлэн хар тамхи, зэвсгийн наймаа гэх зэрэг гэмт хэрэгтэй зэрэгцэж явдгаараа онцлог. Анх 1999 онд Югослав/хуучин/ улсад хоёр монгол эмэгтэй ХХГХ-ийн хохирогч болсноор манай улсыг тухайн гэмт хэргийн гаргагч, дамжуулагч улс гэж үзэж байсан бол сүүлийн жилүүдэд хүлээн авагч улс хэмээн тодорхойлжээ. Энэ нь ойрын үед Филлиппин улсаас ирсэн гэрийн үйлчлэгчээ дарамталсан, цалин хөлсийг нь өгөөгүй болон маш бага цалингаар Хойд Солонгосын иргэдийг үйлдвэрт ажиллуулсан/цалинг нь улсынх нь Засгийн газарт шилжүүлдэг/ зэрэг асуудлаас үүдэлтэй. Хүйсийн тэгш эрхийн төвийнхөн энэ хугацаанд Филлиппин улсын зургаан эмэгтэйг эх оронд нь буцааж чадсан бол олон улс биднийг Хойд Солонгосыг дэмждэг гэж үзэх болжээ.

Хамгийн сүүлийн судалгаагаар албан ёсны зөвшөөрөлтэйгээр 130 мянга гаруй, албан бусаар 250 орчим мянган манай улсын иргэн гадаадын 140 улсад ажиллаж, амьдарч байгаа аж. Харин ХХГХ-ийн хохирогчдын ихэнхийг Азийн бусад улсуудад хүчээр биеийг нь үнэлүүлдэг бол Европын зарим улсад хөдөлмөр эрхлүүлдэг бөгөөд дотооддоо ч биеийг нь үнэлүүлдэг байна. Үүнээс насанд хүрээгүй хүүхдүүдийг дотоодод биеийг нь үнэлүүлдэг гэнэ.

Дэлхий нийтэд 2013 онд л гэхэд нийтдээ 20,9 сая хүн хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон гэж мэдээлснээс үзэхэд  мянган хүн тутмын 1,8 нь энэхүү гэмт хэрэгт холбогддог байна. Гэмт хэрэгтнүүд хүн худалдсанаараа эхний ээлжинд 7-12 тэрбум, жилд 32 тэрбум ам,долларын ашиг олдог байна. Сонирхуулахад дэлхийн хар зах зээлд хуурамч эм хамгийн их ашиг/200 тэрбум ам,доллар/ олдог бол үүний дараагаар хар тамхи, зэвсгийн наймаа болон ХХГХ ордог байна.  Уг гэмт хэргийг үйлдэгчид “Хамгийн сайн сэтгэл зүйчид” байдаг аж. Тэд эхний үед хүмүүсийг хулгайлах, элсүүлэх гэх мэтээр эх орноос нь өөрсдөө авч гардаг байсан бол сүүлийн жилүүдэд өөрсдтйг нь тухайн улсад ирүүлдэг болж. Манай улсын хууль хяналтынхан, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран энэхүү гэмт хэргийн эсрэг тэмцэж л байна. Үүний ачаар гадаадын найман улсаас 270 гаруй хохирогч эх орондоо эсэн мэнд эргэн ирж чадсан.

Гэсэн ч харамсалтай нь тэд ихэнх тохиолдолд гэмт хэргийн араас мөрддөг гэдгийг албаныхан хэлж байна лээ. Тиймээс гэмт этгээдүүдийн урд гарч, охид эмэгтэйчүүдээ тэднээс хамгаалахын тулд бүх нийтийн оролцоо чухал. Бусдын бодлогогүй нэг л үйлдэл гэмт этгээдүүдийг нуугдах, хохирогч нарын амь насанд аюул учруулах, дахин ийм төрлийн гэмт хэрэг гарах болон хохирогч нарын ар гэрийнхэний нэр хүндэд сөргөөр нөлөөлөх гэх мэт сөрөг зүйлс бий болж болно.

Тэгээд ч хүн худалдаалах гэмт хэрэг бол энгийн нэгэн танхай, хулгайн хэргээс огт өөр. Тийм л учраас бүгд хичээж, дор бүрнээ анхаарал халамжтай байж, охид эмэгтэйчүүдээ хайрласнаар бид энэ бузар гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж