
Тэдгээр аж ахуйн долоон нэгж, нөхөрлөл нийт зургаан сумын нутагт 400 га талбайд ойжуулалт, 100 га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах ажил, таван га талбайд “Ногоон хэрэм”-ийн туслах зурвас байгуулна . Тухайлбал, 120 га-д ойжуулалт, 40 га-д байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг “БУЦС” нөхөрлөл Бугат сумын нутагт, 70 га-д ойжуулалт, 60 га-д байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг “Заан хүж” нөхөрлөл Хутаг-Өндөр сумын нутагт хийнэ. Мөн Хутагт-Өндөрийн 80 га-д “Ойн таксаци” ХХК, Сэлэнгэ сумын 20 га-д “Зулзаган” нөхөрлөл, 50 га-д “Чубад” ХХК, Хангалын 30 га-д “Монголын ой судлалын сан” төрийн бус байгууллага ойжулалтын ажил хийх бол Булган сумын сум дундын ойн анги Орхон, Сэлэнгийн 30 га-д ойжуулалт, Дашинчилэн сумын таван га-д “Ногоон хэрэм”-ийн туслах зурвас байгуулах болжээ. Эдгээр ажлыг улсын төсвийн 93,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх болно.