“Хураасан гахайн өөх муудсан нь үнэн”

Хуучирсан мэдээ: 2014.01.19-нд нийтлэгдсэн

“Хураасан гахайн өөх муудсан нь үнэн”

БНСУ-аас зохих зөвшөөрөлгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсан 85 тонн гахайн өөхийг өнгөрөгч онд гааль, мэргэжлийн хяналтынхан илрүүлж, хураан авсан. Тэгвэл гаалийнхны улсын орлого болгохоор хураан авсан барааг хадгалах, шилжүүлэх, борлуулах, устгах ажиллагаанд доголдол гарсаар байна. Тухайлбал дээрх их хэмжээний өөхийг хүнсэн хэрэглэж болох эсэх, дуудлага худалдаагаар худалдаалж, улсад орлого төвлөрүүлэхэд хүндрэл үүсчээ. Энэ асуудлаар Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатаас тодрууллаа.

-Хил дээр хураасан бараа бүтээгдэхүүнийг хадгалах боломж гаалийн байгууллагад ямар байдаг вэ. Хадгалах газар байхгүйгээс бараа бүтээгдэхүүнийг муутгалаа гэх шүүмжлэл байна?

-Иргэд ан, амьтны гаралтай түүхий эд хилээр гаргах, гадаад улсаас хүнсний төрлийн амьтны гаралтай бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэхийг завдах зэрэг зөрчил ихээр гаргадаг. Эдгээр зөрчлийг илрүүлээд холбогдох газруудад шилжүүлэх арга хэмжээ авдаг. Зарим тохиолдолд, тухайлбал 200 чоно хилээр гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлээд Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэх гэсэн ч хадгалах газар байхгүй учраас манай агуулахад түр хугацаанд хадгалуулсан. Ингээд Мэргэжлийн хяналтын байгууллага хүлээж авахгүй байсаар хавартай золгож, чононы махнууд муудсан. Эцэст нь улсын төсвөөс хөрөнгө гаргаж устгалд оруулсан шүү дээ.

-Өнгөрсөн онд БНСУ-аас их хэмжээний гахайн өөх оруулж ирснийг илрүүлж хураасан. Энэ өөхийг мөн л муутгаад хаясан гэдэг үнэн үү?

-БНСУ-аас 85 тонн гахайн өөх зориулалтын бус тээврээр хууль бусаар оруулж ирэх гэж байсныг илрүүлээд хураан авсан. Ингээд Мэргэжлийн хяналтын байгууллагаар   өөхийг хүнсний хэрэгцээнд ашиглаж болох эсэх  талаар  дүгнэлт гаргуулахад “Энэ бол гахайн өөх байна” гэсэн дүгнэлт гаргаж өгч байгаа юм. Хэрэв хүнсний хэрэгцээнд хэрэглэж болох байсан бол дуудлага худалдаанд оруулах замаар ч юмуу улсын төсөв 400 сая төгрөгийн орлого оруулах байлаа. Харамсалтай нь зун болж зориулалтын хөргүүртэй агуулах байхгүйгээс муудаж, устгахаас аргагүй болсон. Нөгөө талд гахайн өөхийг оруулж ирсэн иргэн ял сонсоод амьдралаараа хохирч үлдсэн.

-Зориулалтын агуулахтай болох талаар хөөцөлдөж байна уу?

-Энэ талаар байнга л асуудал тавьж байгаа. Энэ оны төсөвт суулгуулахаар тусгасан ч хасагдсан байна лээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж