Эндэгдэл, өвчлөлийг бууруулна

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Эндэгдэл, өвчлөлийг бууруулна

Хүүхдийн эндэгдэл, вируст гепатитт өвчнийг бууруулах өвчнийг бууруулах талаар Булган аймагт нэлээд ажил өрнөж эхэллээ. Энэ талаар аймгийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн албаны дарга, халдварт өвчин  хариуцсан их эмч Д.Нарантуяагаас тодрууллаа.

-Энэ ажлыг эрчимтэй өрнүүлэх болсон шалтгаан юу билээ?
-Хүүхдийн эндэгдэл, вируст гепатит өвчний гаралт тууштай буурахгүй байна 2011 онд 0-5 насны  хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 16,3, перинаталь эндэгдэл 20,4 промиль, вируст гепатит өвчний гаралт 67 тохиолдол буюу 11,5 промилиор нэмэгдлээ. Энэ нь үзүүлэлт нь улсын дунджаас дээгүүр байна. Ийм  болохоор энэ талаар анхаарах шаардлагатай байна. Бид салбарынхаа чиглэлээр нэлээд арга хэмжээ авч ажиллаж байна. Үүний зэрэгцээ нутгийн удирдлагуудын зүгээс дэмжлэг авах нь зүйтэй гэж үзэж,  аймгийн Засаг даргад танилцуулсан. 

-Засаг дарга  ямар нэг шийдвэр гаргав уу?
-Гаргасан. “Хүүхдийн эндэгдэл, вируст гепатит өвчнийг бууруулах тухай” 2011 оны А/157 дугаар захирамж гаргаад байна. Сумдын Засаг дарга, сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч, боловсрол соёл, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын газрын дарга нарт тодорхой үүрэг чиглэл, даалгавар өгсөн.

-Тухайлбал, ямар үүрэг даалгавар өгөв?

-Эхлээд сумдын Засаг дарга нарт вируст гепатит өвчний тохиолдол илрээгүй үед авч хэрэгжүүлэх хэд хэдэн үүрэг даалгасан байгаагийн  заримыг нь хэлье л дээ. Вируст гепатит өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагтаа сургалт сурталчилгааг мэргэжлийн байгууллагатай хамтран өрнүүлье, иргэдийн эрүүл мэндийн түвшинг дээшлүүлье, эрүүл дадал хандлагыг төлөвшүүлье гэсэн. Сумынхаа хэмжээнд халдварт шар өвчнийг бууруулах талаар хөтөлбөр чиглэл боловсруулж, түүнийгээ ИТХ-аар батлуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Сургууль, цэцэрлэгүүдэд нэн анхаарах шаардлагатай хэмээн үзэж хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн эрүүл ахуйн стандартын түвшинд байнгын хяналт тавьж ялангуяа гал тогооны хүнсний хангамжийн хадгалалт, хамгаалалт, ариун цэвэр, эрүүл ахуйг шалган үнэлгээ дүгнэлт өгч холбогдох арга хэмжээг тухай бүр авч байх нь зүйтэй гэсэн. Хүн амын ундны болоод ахуйн хэрэглээний усны эх үүсвэрт хамгаалалтын ба эрүүл ахуйн бүс тогтоох, орон нутагт ахуйн хэрэгцээнд хэрэглэж байгаа усыг шинжилгээнд хамруулах үүрэг өглөө. Түүнчлэн “Эрүүл мэндийг дэмжигч” орчин бүрдүүлэх хөдөлгөөнийг өргөжүүлэх, айл өрхийн бие засах газар, бохир усны цооног, хог хаягдлын цэгийг эрүүл ахуйн шаардлагын дагуу бариулах, хөрсний бохирдлыг багасгах, орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, худалдаа үйлчилгээ, нийтийн цай хоолны газруудад тавих хяналт шаардлагыг өндөржүүлэх талаар нэлээд ажил хийхийг даалгасан. Өвчлөл нэлээд байгаа Сайхан, Гурванбулаг, Хутаг-Өндөр, Тэшиг сумын Засаг дарга нарт тусгайлан тодорхой үүрэг өглөө.

-Сургууль, цэцэрлэгүүдэд энэ өвчин гарах явдал нэлээд байдаг шүү дээ?
-Тийм ээ, захирамжид энэ талаар онцлон авч үзээд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч болон аймгийн боловсрол, соёлын газрын даргад 10 гаруй үүрэг өгсөн. Юуны өмнө сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгт вируст гепатит өвчин голомтлон гарч байгааг мэргэжлийн байгууллагатай хамтран таслан зогсоох арга хэмжээг шуурхай зохион байгуулах хэрэгтэй гэж үзлээ. Сургуулиудад ордог эрүүл мэндийн хичээлийн чанар, үр нөлөөг сайжруулах, сурагчдын эрүүл мэндийн боловсролын түвшинг тогтоох судалгааны ажил хийхэд хамтран ажиллах, эрүүл ахуйн шаардлага хангасан угаалтуур, суултуураар хангаж ариутгалын бодис хэрэглэж хэвшүүлэх шаардлага тавьсан. Эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулах, халдварт өвчнөөс сэргийлэхэд нэн шаардлагатай материалаг баазыг бий болгох, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь чухал байна гэж үзсэн. Сургууль, цэцэрлэгийн гал тогооны хоол хүнсний зүйлийг мэрэгч, хортон шавьжнаас сайтар хамгаалах, аяга таваг, сав суулганд гурван дамжлагат угаалгыг стандартын дагуу тогтмол хийхийг үүрэг болголоо.

-Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг чиглэл өгсөн гэл үү?
-Тэгсээн, өвчин голомтлон гарч байгаа сургууль, цэцэрлэгүүдэд өвчлөлийг бууруулах чиглэлээр эрүүл ахуй, стандартын түвшин ямар байгаад хяналт тавин шалгалт хийж, илрүүлсэн дутагдлынхаа мөрөөр улсын байцаагчийн албан шаардлага өгч үр дүнг тооцож эргэн мэдээлж байхыг анхаарууллаа. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах, худалдааны цэг, кафе баар, нийтийн цай, хоолны газруудын эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг өргөтгөх үүрэг өгсөн.

-Мэдээж эрүүл мэндийн байгууллага энэ талаар чухал үүрэг гүйцэтгэх байх?
-Тэгэлгүй яахав. Захирамжаар өгсөн үүргийн дагуу эрүүл мэндийн статистик мэдээнээс дүн шинжилгээ хийж 0-5 насны хүүхдийн эндэгдэл, вируст гепатит өчний гаралтыг сүүлийн таван жилээр судална. Шалтгааныг тогтоон авах арга хэмжээгээ тодорхойлно. Газрынхаа бүтцэд халдвар, хяналтын алба бий болгох асуудлыг судлан дээд шатны байгууллагад санал тавьж шийдвэрлүүлнэ. Хүүхдийн өвчний цогц менежментийн шинэчилсэн сургалт зохион байгуулж улирал бүр тандалт хийнэ. Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөтгөнө. Энэ мэт олон ажил бий.

-Захирамжаар өгсөн үүргийн хэрэгжилтийг яаж тооцож байх бол?    

    -Өгсөн үүрэг чиглэлийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар Засаг даргын орлогч, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга хяналт тавина. Нийт сумын Засаг дарга, мэргэжлийн хяналт, боловсрол соёл, эрүүл мэндийн газрын дарга нар захирамжаарөгсөнүүргийг хэрэгжүүлэхээр авсан арга хэмжээнийхээ талаар аймгийн Засаг даргын тамгын газарт дэлгэрэнгүй тайлагнана. Энэ үндсэн дээр үр дүнг тооцон дүгнэлт хийх болно. Энэ бүхнй дүнд хүүхдийн эндэгдэл, вируст гепатит өвчлөл эрс буурсан байна  гэдэгт итгэл дүүрэн байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж