Гишүүдийн тэжээмэл амьтад юу иддэг бол

Хуучирсан мэдээ: 2014.01.19-нд нийтлэгдсэн

Гишүүдийн тэжээмэл амьтад юу иддэг бол

Авлигын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад УИХ-ын зарим гишүүн “Төрийн албан хаагчдын хамтран амьдрагч нараас нь хөрөнгө орлогын мэдүүлэг авах хэрэг байна уу” гэж лавлаж харагдсан. Юу гэсэн үг вэ. Төрийн албан хаагчид, УИХ-ын гишүүдийн хамтран амьдрагч нараас хөрөнгө орлогын мэдүүлэг авахгүй бол алдас болох байлгүй. Тэгж яривал, УИХ-ын гишүүдийн гэрийн тэжээмэл амьтад ямар үнэтэй хоол идэж, ямар брэндээр гангардаг эсэхийг нь хөрөнгө орлогынх нь мэдүүлэгт тусгаж байвал ямар вэ. Сонин шүү дээ. Хэн нэгнийх нь нохой хэдэн тэрбум төгрөгийн хүзүүвчтэй байх ч юм бил үү. Оффшор данс шалгана гэж сүржигнэж байхын оронд иймэрхүү хөрөнгө мөнгө нууж байж болох нүх сүв болгоныг тодорхой болгох хэрэгтэй юм шиг ээ. Яахав дээ. Авлигатай тэмцэх газарт амьтдын тусгай тасаг байгуулсан ч болно шүү дээ. Тэр тасгийнхан зөвхөн төрийн томоохон албан тушаалтнуудын тэжээмэл амьтдын асуудлыг хариуцаж яагаад болохгүй гэж.

Ингэж байгаад УИХ-ын гишүүд шигээ тэжээмэл амьтдыг нь таньдаг болчихвол сонин л юм болно доо. “Эрхэм гишүүний тэр гэдэг нохой тэдэн төгрөгийн үнэтэй хоол иддэг гэнэ. Тэрний загас нь шилэн хоргоо голоод гишүүн маань тэдэн тэрбум төгрөгөөр сольсон юм байх” гээд л ярианы сэдэв тасрахгүй болох байх даа.

Ядахдаа л сонгогчид нь улстөрчдийн тэжээмэл амьтдаас ямархуу зиндаанд амьдардгийг мэдэх боломжтой болох ч юм бил үү. Ийм боломжийг сонгогч бидэндээ гаргаж өгвөл Авлигатай тэмцэх газрыг байгуулсны үр дүн эхнээсээ гарах биш үү. За тэгээд ард түмэн бид нар чинь улстөрчдийн маань амьдрал л сайхан байвал баярлаад л явж байдаг хүмүүс юм чинь “Тэрний гэрийн тэжээвэр амьтан биднээс илүү амьдарч байна” гээд зарга үүсгээд яваад байхгүй учир санаа зоволтгүй шүү.

Г.ЦЭНГЭЛ

"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж