Мод бэлтгэдэг газруудад эргүүл, пост ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Мод бэлтгэдэг газруудад эргүүл, пост ажиллуулна

Ойгоос ихээхэн хэмжээний мод бэлтгэдэг сумдын нутаг дэвсгэр дээр  хяналтын пост, зарим газар явуулын эрүүлийг аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу ажиллуулж байна. Энэ арга хэмжээний талаар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөрөөс тодруулахад “Өнгөрсөн сараас эхлэн “MNS 541335-2011” стандарт, “Түлшний мод. Техникийн шаардлага”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Аймаг орон нутагт эхнээс нь чанд мөрдүүлж хэвшүүлэх шаардлагатай байна. Тийм учраас Засаг даргаар ийм шийдвэр гаргууллаа. Хяналтын постыг Хануй, Гурт, Орхон, Чачирт, Сэлэнгийн гүүр, Зоон даваан дээр ажиллаж байна. Мөн ой бүхий, ялангуяа иргэд ихээхэн хэмжээгээр мод бэлтгэдэг газруудад явуулын эргүүл гаргана. Эдгээр хяналтын пост, явуулын эргүүл ажиллуулах хуваарийг тухайн сумаас гаргаж байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, цагдаагийн ажилтан, иргэдийн төлөөлөл зэрэг хүмүүсийг оролцуулан ажиллуулна” гэв. Хуваарьт газруудад байгаль орчин, аялал жуулчлал, мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн хэлтэс, сум дундын ойн анги, сумдын Засаг даргын тамгын газар хамтарсан шалгалт зохион байгуулна. Хэрэглээний болон түлээний мод ойгоос бэлтгэх ажил ид өрнөдөг хоёр, дөрөв дүгээр улиралд пост эргүүлийг ажиллуулж сумдаас илрүүлсэн ноцтой зөрчил дутагдлын талаар тухай бүрт нь дээд шатанд танилцуулж байхын зэрэгцээ зургаа, ес, 11 дүгээр сард ажлын мэдээгээ өгөх гэнэ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж