Д.Зоригтыг огцруулах асуудлыг дахин тавихгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Д.Зоригтыг огцруулах асуудлыг дахин тавихгүй

УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Сонгуулийн тухай хуу­­лийн шинэчилсэн най­­руул­гыг Төрийн бай­гуу­лалтын байнгын хороогоор хэ­лэлцэх үед сонгуулийн тогтолцооноос үүдэн нэлээд маргалдсан. Таныхаар сон­­гуулийн тогтолцоог аль системээр нь явуулах хэрэг­тэй гэж үзэж байна вэ?

-Аливаа сонгууль ард түмний төлөөлөл байх ёстой. Тиймээс иргэд сонгогчдын санал өгсөн байдал нь маш чухал юм. Сонгуулийн тогтолцооны хамгийн зөв хувилбар нь мажоритар систем гэж боддог. Тэр тусмаа жижиг мажоритар. Энэ систем өөрөө сум, баг, хороогоо төлөөлж чадсан юм. Хэтэрхий том болчихоор асуудлаа шийдэж, хүрч ажиллаж чаддаггүй. Би анхнаасаа жижиг мажоритар тогтолцоог дэмжиж байсан.

-УИХ-д суудалтай на­муудын олонхи нь пропорциональ тогтолцоо эсвэл пропорциональ тогтолцооны элемент оруулах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа. Харин Ардын нам л нэрээ сольсноос хойш эсрэг байр суурь илэрхийлэх болсон?

-Манай намын XXVI их хурал болж, Удирдах зөвлөл хуралдан тодорхой шийдвэр гаргасан байгаа. Намын гишүүний хувьд намаас гаргасан бодлогыг дагах ёстой. Бас гишүүд өөрсдийн байр сууриа ч илэрхийлэх эрхтэй. Тиймээс чухам аль нь зөв юм бэ гэдгийг тал бүрээс нь хэлэлцэж, шийднэ шүү дээ. Мөн манай нам холимог хувилбарыг ярьж байгаа. Зарчмын хувьд энэ хувилбар тийм ч буруу биш. Гэхдээ үнэхээр төгс төгөлдөр хувилбар ч бас биш юм.

-Парламентын тогтолцоог шинэчлэхийн тулд хоёр танхимтай парламент хэрэгтэй гэдгийг санал болгосон. Харин таныхаар парламентад хариуцлагыг бий болгох нь тогтолцоог шинэчлэхтэй холбоотой юу?

-Би хоёр танхимтай парламентыг дэмжиж байгаа гишүүдийн нэг. Хоёр танхимтай болсноор бүх аймаг, сум, дүүргүүд өөрийнхөө лидерүүдийг гаргаж ирнэ. Эдгээр лидерүүд нь аймаг, сумаа төлөөлж ярьж, хийж чаддаг шударга хүмүүсийн нэгдэл байх ёстой юм. Үүнээсээ бага хурлын гишүүдээ сонгоод тэд нар нь өдөр тутмынхаа ажлыг явуулдаг. Харин сум, сумаас сонгогдсон төлөөлөл нь жилдээ хоёр удаа ирж, төсвөө хэлэлцэж, Засгийн газраа байгуулдаг байх юм.

-Хуулийг сайн судлахгүйгээр хурдан хугацаанд баталж байна гэх шүүмжлэл бий. Хэрэв парламентын тогтолцоогоо шинэчилвэл  чанартай, сайн хууль батлагдаж чадах уу?

-Амьдрал мэддэг цаашлаад онол мэдэх, туршлагатай хүмүүс хоёр танхимтай парламентад гарч ирэх бололцоо бий болно. Ер нь чанаргүй, муу хууль хэзээ ч батладаггүй. Харин хуулийг хэрэгжүүлж чадаж байна уу, үгүй юү, хэрэгжилтийнх нь үр дүнг тооцож чадаж байна уу гэдэг хяналтыг Засгийн газар тавих ёстой. Түүнээс биш олон чанаргүй хууль баталсан зүйл байхгүй. Дэлхийн нийт 700 гаруй хууль мөрддөг гэсэн яриа байдаг. Манайх 400 гаруй хууль баталчихсан байна. Заавал шинээр хууль батлахдаа байгаа юм биш. Хамгийн гол нь баталсан хууль нь амьдралд хэрэгжих, үр дүн нь иргэдийн сайн сайхны төлөө хүрэх хэрэгтэй.

-Тэгвэл таныхаар УИХ сайн хууль баталдаг. Гагцхүү гүйцэтгэх засаглал хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг үү?

-Гүйцэтгэх засаглал хэрэгжүүлж чадахгүй байна. Гэхдээ УИХ-аас хяналт тавих ёстой байнгын хороод ажлаа хийж чадахгүй байгаад гол учир буй юм.

-Хамтарсан Засгийн газрыг анхнаасаа эсэргүүцдэг гишүүдийн нэг нь та. Гүйцэтгэх засаглалдаа хяналт тавьж чадахгүй байгаа нь сөрөг хүчингүй байгаагаас болж байна уу?

-Үүнийг үгүйсгэх газар байхгүй. Төрд нэг нь гол цөм нь болж, нөгөөх нь алдааг нь хэлж байх үүрэгтэй. Монголчууд ер нь их тайван улс. Хэн нэгэн нь юм хэлэхгүй бол тэгээд л урсгалаараа яваад байдаг. Харин шахаж, шаардвал нэг өдөрт хийх ёстой ажлаа хоёр цагийн дотор ч хийчих чадвартай хүмүүс. Тийм учраас сөрөг хүчин байх хэрэгтэй.

-Тэгвэл Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах шаардлагатай юу?

-Бид өөрсдөө гуйж оруулчихаад одоо хөөж явуулж болохгүй. Харин тэд өөрсдөө сайн дураараа явах ёстой. Нэг “хөнжилд” орж хэвтчихээд гэнэт цаашаа гэвэл хэний ч уур хүрнэ биз дээ.

-Хамтарсан Засгийн газрыг томоохон төслүүдийг хөдөлгөж, их ажил хийж байна гэх хүмүүс байхад зарим нь юу ч хийхгүй байна гэдэг. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн  хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхээр бүлгүүд ажиллаж байна. Хамтарсан Засгийн газарт та ямар дүн тавих вэ?

-Би хамтарсан Засгийн газрыг анхнаасаа л эсэргүүцэж байсан. Бид яах гэж сонгуульд оролцож, олонхи болж, мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн юм. Сонгуульд ялсан нам өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлж, ард түмэнд амласан амлалтаа биелүүлэх ёстой. Тухайн үед гэнэт л стандарт бус шийдвэр гараад хамтруулчихсан шүү дээ. Оюутолгой, Тавантолгойг хамтраад хийлээ гэдэг. Ер бол хамтарсан, хамтраагүй уул уурхайн томоохон төслүүд шийдэгдэх ёстой л байсан. Монголын ард түмний төлөө хийж байгаа учир Ардчилсан нам дэмжээд л явна. Оюутолгой, Тавантолгойг ашиглах нөхцөл бололцоо нь бүрдчихсэн байгаа ийм үед Ардчилсан нам сөрөг хүчин байсан бол болоогүй гээд хойш татах ямар ч үндэслэлгүй юм. Хоёр намын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэд нь өнөөдөр биелсэн юм бэ. Алийнх нь үр дүнг үзсэн юм. Үүнийг тооцож гаргасан зүйл байхгүй байна. Хамтарснаараа нэг, нэгийгээ хамгаалдаг ийм байдал л бий болчихлоо. Аливаа юманд сөрөг хүчний дуу хоолой байх хэрэгтэй. Гэхдээ монголчууд шүүмжлэлд их дургүй. Нүүрэн дээрээ шүүмжлэлийг хүлээж авч байгаа юм шиг хэрнээ цаанаа хорсож байдаг.

-”Оюутолгойн Хөрөнгө оруу­лалтын гэрээнд өөрчлөлт оруул” гэсний дагуу өөрчлөлт оруулаад явж байгаа. Гэсэн ч шүүмжлэл тасрахгүй л байна?

-Энэ гэрээ төгс төгөлдөр болж Монголын ард түмний эрх ашигт нийцэж чадаагүй байна гэдгийг л би ярьдаг. Одоо ч ярьж байгаа. Жишээ нь “Рио тинто” компани Гвиней улстай байгуулсан гэрээ манайхтай байгуулсан гэрээтэй адил. Гэтэл энэ гэрээг манай гэрээтэй харьцуулахад өдөр, шөнө шиг ялгаатай байна лээ. Үүнийг цааш нь ярих ёстой асуудлын нэг.

-УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа “сонгодог” жишээ бол бидний нэрлэж заншсанаар “урт” нэртэй хууль юм. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх боломжтой, боломжгүй гэж хоёр янзаар яриад байдаг?

-Усны сав газар ашигт малтмалын үйл ажиллагааг хориглох хамгийн гол хууль шүү дээ. Монголын байгаль орчныг хамгаалахад ихээхэн үр дүнтэй. Хэрэгжүүлэх ёстой юм. Харин хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар нь нөгөө хэдтэйгээ хуйвалдсан ч юм уу бүү мэд. Хэрэгжүүлэхийг сонирхохгүй байна л даа. Түүнээс биш хэрэгжүүлэхийг хүсвэл болно. Нэг нь болохгүй, нэг нь хэрэгжүүл гээд л шахаад яваад байна. Үнэхээр ажил хийхэд болохгүй байгаа зүйл аяндаа мэдрэгддэг. Гэтэл “урт” нэртэй хуулийг хэрэгжүүлэгч байгууллага анхнаасаа болохгүй гэснээс хойш л болохгүй чигээрээ байгаад байгаа юм. Дэлхийн аль ч улс орнууд иргэдийн санаа бодол, байгаль экологи хоёроо шийдэж байж дараа нь уул уурхайг ашиглах, ашиглахгүйгээ ярьдаг. Тэгэхэд манайх эсрэгээр нь түрүүлээд хэрхэн ашиглахаа ярих юм.

-Лицензийг нь хураачихсан компаниудад олгох нөхөн төлбөрийн нийт зардлыг улсын төсөв даахгүй  гэж байгаа шүү дээ?

-Үнэхээр юм хийсэн үү, үгүй юү гэдэг бодит үнэлгээг нь гаргахгүй байна. Хүмүүс нэг төгрөг хийчихээд 100 төгрөг л гэж ярина. Тиймээс л бүгдийг нь шалгаж үзэх ёстой юм. Татварт хэчнээн төгрөг төлсөн, тайлан баланс нь ямар байсан гэдгийг шалгасан нэг ч компани өнөөдөр алга. Бидэнд нэгдүгээрт байгаль экологи л хэрэгтэй.

-Улсын төсөвт тодорхой хэм­жээний хөрөнгө оруулж байгаа уул уурхайн компаниудыг дэмжээд нөхөн сэргээлтэд нь хяналт тавиад ажиллах боломжгүй юм уу?

-Нөхөн сэргээлтийг сайн хийсэн нэг ч компани байхгүй байна. Тийм л юм бол анхнаасаа хийгээд явах байсан юм биш үү. Одоо болохоор бид сайн хийнэ гэж ярих хэрэггүй.

-Өнгөрсөн чуулганаар таны тавьсан Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг хэлэлцээд “Огцруулах шаардлагагүй” гэж үзсэн. Энэ удаа дахин шаардлага тавьсан тухай мэдээлэл гарсан байсан?

-Д.Зоригтыг огцруулах шаардлагад тодорхой гишүүд гарын үсэг зурсан. Удахгүй ил болох байх.

-Та оролцоогүй юм уу?

-Би оролцоогүй. Нэг хүн хоёр удаа аливаа асуудалд оролцож болдоггүй  л байхгүй юу. С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нар миний нэрийг аваад явж байгаа юм байлгүй. Миний хувьд энэ асуудалд гарын үсэг зурсан зүйл алга.

-Гишүүд Д.Зоригт сайдаас гадна С.Баярцогт сайдыг огцруулах тухай ярьж байгаа юм билээ?

-Үгүйсгэх аргагүй.

-Энэ удаад тэдний санал амжилт олох болов уу?

-Амжилт олох, олохгүй нь хамаагүй. Ард түмэн хүний мууг үзэх гээд байна уу, эсвэл үнэхээр болохоо байчихаад шаардлага тавиад байна уу гэдгийг харж байгаа. Д.Зоригт сайдыг огцруулахгүй гэдэг шийдвэр гарснаас хойш өнөөдөр эрчим хүчний салбарт нэлээн доголдол гарлаа. Өмнөговь аймаг тэр чигээрээ хөлдлөө. Төсвөөс ч их хэмжээний мөнгө гарлаа. Мөн Налайхад өнгөрсөн долоо хоногт л гэхэд 10 орчим хүн нас барсан. Эдгээр хүмүүсийн алтан амь ганц сайдын албан тушаалаас хямд байж болох уу.

-Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах шаардлага тавиад байгаа гишүүд таныг нэгдээч, гарын үсэг зураач гэвэл та яах вэ?

-Гарын үсэг зурахгүй байх. Харин огцруулах талаар хэлэлцвэл саналаа хэлнэ. Дэмжинэ.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж