Өнгөрсөн хугацаанд Монгол Улс бусдын тоглоомын дүрмээр л тоглож ирсэн билээ. Тоглоомын дүрэмгүй улс тоглоомд хожигдох нь мэдээж. Төрийн бодлого үгүйлэгдсэн нүүрсний салбар гэхэд өнөөдөр бараг дампуурлын байдалд хүрчихээд байна. Төмөр, жонш, газрын ховор элемент бодлого байхгүйгээс болоод бусдын идэш болж байгаа. Тиймээс баялаг үнэгүйдэх шалтгаан болсон үгүйлэгдсэн бодлогоо тодорхойлсноор хүлээлтийн байдалд орчихоод буй дараагийн хууль эрх зүйн шинэчлэлтийг хийх боломжтой болж байгаа юм.
Дэлхийн уул уурхайн салбарт өөрийнхөөрөө тоглох дүрмийг хэрхэн тогтоож чадах нь эсэх нь, мөн эрдэс баялгаасаа мөнгө олж чадах уу гэдэг нь энэхүү арван жилийн хугацаатай бодлогоос хамаарах болж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт мөрдөгдөх бүх л хуулиуд мөн төсөв мөнгөний бодлогыг тодорхойлоход энэ хууль “чиглэл” болж өгөх юм.
Эрдэс баялгийн салбарт баримтлах зарчим, удирдлагын систем, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд ч төрөөд удаагүй байгаа шинэхэн бодлогын дагуу өрнөх бөгөөд бодлого хэрэвзээ алдаатай байх аваас түүнийг дагасан завхрал ч гарч ирэх нь тодохой. Байшингийнхаа хундаамыг хэр цутгаснаас газар хөдлөлтөд нурах үгүй нь хамаарахтай л адилхан билээ.
Бодлогод "Улсын геологийн зураглал", "Нүүрс", "Төмөр", "Хайлуур жонш", “Газрын ховор элемент", "Зэс", "Түгээмэл тархацтай ашигт малтмал", "Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин" зэрэг дэд хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлэх, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, стратегийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлого, дунд, богино хугацааны төлөвлөлтөд тусган төлөвлөж ажиллахаар тусгасан байна. Тодруулбал, энэхүү бодлогын хүрээнд Монгол Улс ашигт малтмал бүр дээрээ тусгайлсан бодлогоо гаргана гэсэн үг юм. Гэхдээ эрдэс баялгийн гэх том бодлогынхоо малгай дор гол асуудлууд нь зангидагдах бололтой. Ингэснээр бусдын аманд багтаж, үнэгүйдэж байгаа Монголын баялаг дээр дурын нэгэн өөрийнхөөрөө тоглож чадахаа болих юм.
Мөнгө олохын тулд өнөөдрийн хувьд баялгаа түүхий чигээр нь гаргаж байгаа ч цаашдаа хэдийд ямар ашигт малтмал эскпортод гаргах вэ, эдийн засгийн үр ашиг нь ямар байх вэ гэдгийг бодлогын дагуу шийдвэрлэх юм байна. Төмрийн хүдрээ өнөөдрийнх шиг түүхий чигээр нь урагшаа зөөгөөд байх уу аль эсвэл бүтээн байгуулалтад зориулж нөөцлөх үү гэдгийг бодлогоор зохицуулна. Мөн газрын хэвлий доорх 177 тэрбум тонн нүүрснийхээ нөөцийг өнөөдөр зарах уу, үүцлэх үү гэдгийг бодлого шийдэх аж.
Уул уурхайн яамны Стратеги бодлогын газрын дарга Ч.Отгочулуу “Экпортод гаргаж буй уул уурхайн зарим түүхий эдийг боловсруулж гаргая, заримыг нь дотооддоо нөөцөлье гэдэг асуудлыг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, хямдхан байгаа дээр нь бага татвартай гаргачихаад 10 жилийн дараа үйлдвэрлэл сэргэхээр гаднаас өндөр өртгөөр худалдан авч болохгүй. Тиймээс зарим бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингээж 100 төгрөгөөр биш 300 төгрөгөөр худалдъя гэсэн бодлого. Зарим бүтээгдэхүүнд нь өндөр татвар тавьж дотооддоо хадгалах бодлого барина гэсэн үг” хэмээн ярилцлагадаа дурдсан байна лээ. Төсөв, мөнгөний бодлогыг Төрөөс баримтлах эрдэс баялагийн бодлоготой уялдуулан боловсруулахаар шийдвэрлэсэн нь ийм учиртай аж.
Бодлогын хүрээнд зохицуулагдах бас нэг зүйл нь боловсон хүчний асуудал.
Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх байдлыг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүрээнд боловсон хүчнийхээ асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Сүүлийн үед уул уурхайтай холбоотой маргааныг шийдвэрлэхэд мэргэшсэн хуульч, арбитрч дутагдаж байгаа тул мэргэшсэн хуульч, эдийн засагч, арбитрч, шинжээч бэлтгэх, чадавхижуулах талаар бодлогод тусгасан гэдгийг ажлын хэсгийнхэн ярьж байна.
Ямар ч байсан Монгол Улс эрдэс баялгийнхаа салбарт баримтлах гол бодлогоо тодорхойлчихлоо. Байшингийнхаа суурийг хэр цутгасан нь газар хөдлөлтийн үеэр л мэдэгдэнэ гэдэг шиг баялгийн эрхшээлд орчихсон эдийн засагт энэ бодлого мөнгөөр бороо оруулж чадах эсэхийг ирэх арван жилд харах л үлдэж байна.