Хятадын банкууд стресс тестэд орно

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Хятадын банкууд стресс тестэд орно

Дэлхийн зах зээл дээр инфляцийн түвшин нэмэгдэж, тэр хэрээрээ их гүрнүүд мөнгөний бодлогоо чангаруулж байгаа билээ. Харин энэ бүхний шалтгааныг Хятадын эрх баригчид бусад гүрний бодлоготой холбон тайлбарлажээ. Хөгжингүй орнууд мөнгөний бодлогоо хэтэрхий сулруулж байгаагаас олон улсад инфляцийн түвшин огцом  нэмэгдэхэд хүргэсэн хэмээн Хятадын Банкны зохицуулах хорооны тэргүүн Лиу Мигканг нэгэнтээ мэдэгдсэн байна. Мөн тэрбээр энэ бүхэнтэй зэрэгцээд өрийн хямрал улам даамжирсан нь томоохон аюул даллаж байгааг онцолжээ. Энэ талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Хятадын санхүүгийн зохи­цуулагчид удахгүй банкууддаа стресс тест хийхээр болсон. Гэхдээ тэдний үзэж байгаагаар энэхүү сорилт нь банкны тогтолцоогоо хямралаас хэрхэн хамгаалах тухай биш харин хямралын үед хэр зэрэг алдагдал хүлээж болохыг тооцох шалгуур аж. Харин европчууд банкуудынхаа эрсдэл даах чадварыг нь тооцож, стресс тестийг давж гарсан банк нь ямар ч хямралын эсрэг зогсож чадна хэмээн үздэг. Гэвч Исландын банкны тогтолцоо тэдний буруу байсныг маш тодорхойгоор нотлон харуулдаг билээ.

Хятадын санхүүгийн зах зээл     дэх шинэ стресс тестийн хувьд үл хөдлөх хөрөнгийн болон бусад  зээлийн эрсдэлтэй холбоотой  асуудал голчлон хандах юм. Ингэхдээ эрсдэл ихтэй болон дунд зэргийн гэсэн ангилал тогтоож, тухай бүрт нь тохирсон шалгуур бүхий тест явуулж байгаа аж. Эрсдэл ихтэй гэх харъяалалд Бээжин, Шиньжин, Гуанжоу, Ханжоу, Нанжин зэрэг хотууд багтсан байна. Хятадын эрх баригчид өнгөрсөн оны наймдугаар сард мөн  л үүнтэй төстэй стресс тест явуулж байжээ. Тэр үед үл хөдлөх хөрөнгийн үнэ 30 хувиар унавал юу хийх вэ гэдгийг гол шалгуур болгож байв. Албаны шинжээчдийн үзэж буйгаар тус улсын банкууд хөрөнгийн менежментээ на­рийв­чилж, сангаа өргөжүүлэх, зээлийн бүтцээ сайжруулах зэрэг арга хэмжээ авбал тохиромжтой юм. Энэ удаагийн стресс тестийн хувььд үл хөдлөх хөрөнгийн үнэ 30, 40, 50 хувиар буурахтай зэрэгцээд бодлогын хүүг 27, 54, 108 нэгжээр нэмэгдүүлсэн тохиолдолд банкууд ямар хариу арга хэмжээ авч чадах вэ гэдгийг шалгаж байгаа.

Хятадын Банкны зохицуулах хорооноос стресс тестийн үр дүнг харгалзаж үзээд мөнгөний бодлогоо дахин чангаруулах эсэхээ шийдэх юм. Тус улсын эрх баригчид өнгөрсөн оноос хойш орон нутгийн банкууддаа санаа тавьж эхэлсэн бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ хэтэрхий их болсноос энэ салбарын тогтолцоо бүхэлдээ ганхахад хүр­сэн билээ. Ялангуяа сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөрөгдөл газар авч байгаа. Хята­дын дотоодын банкуудын хувьд ихэвчлэн моргейжийн зээл олгосон. Гэвч үнийн өсөлтөөс болж зээлүүд нь чанаргүй болж эхэлсэн зэрэг нь ийнхүү Хятадын эрх баригчдын санааг зовоожээ. Сүүлийн үед Хятадын Засгийн газар үнийн өсөлтийг зогсоохын тулд үл хөдлөх хөрөнгийн татвараа нэмж, хоёр дахь удаагаа орон сууц худалдан авч байгаа хүмүүст зээлийн хөнгөлттэй нөхцөл санал болгохоо болих зэргээр орон сууцны худалдааг бууруулахад чиглэсэн хэд хэдэн ажил хийх болсон юм.

“Bloomberg” агентлаг өнгөрсөн долоо хоногт Хятадын томоохон таван банкны өөрийн хөрөнгө болон нийт активын харьцааг нэмэх тухай шийдвэр гарсан талаар мэдээлсэн билээ. Тухайн үед уг үзүүлэлт 11.5 хувь байгааг 11.8 хувь болгож нэмлээ гэсэн юм. Гэвч дээрх мэдээлэл гарсны дараахан Хятадын албаны төлөөлөгчид үүнийг үгүйсгэж, одоогоор ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байгаа талаар мэдэгдсэн байна. Харин “Bloomberg”-ийн хувьд хэд хэдэн эх сурвалжийн ярианд үндэслэж, дэлхийд үнэт цаасны арилжаагаар тэргүүлдэг Хятадын Худалдаа, үйлдвэрлэлийн банкны шинжээчдийн дүгнэлтээр энэхүү мэдээллийг гаргасан аж.

Ерөнхийдөө банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэх нь санхүүгийн тогтолцоонд эерэг үр дүн авчирдаг. Учир нь зээлдэгчид хямралын үед мөнгөө эрсдэлтэй зүйлд зарцуулах нь багасахаас гадна хадгаламж эзэмшигчдийн хувьд найдвартай байдал бий болж байгаа юм. Харин ийм арга хэмжээ авсны сөрөг үр дагавар нь тухайн банкны ашиг буурах. Ямартай ч одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Стресс тестийн дүн хэрхэн гарахаас хамаараад нийт активын харьцааг нэмэх үү, үгүй юу гэдгийг шийдэх юм.

Хятадын санхүүгийн тогтол­цооны өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж үзвэл юун түрүүнд орон нутгийн банкууд нь нэлээд хэцүүхэн байдалд орсон. Харин төрийн мэдлийн томоохон банкуудын хувьд хэдийнэ олон улсын зах зээлд өрсөлдөхүйц нэр хүндтэй, өөрийн хөрөнгөтэй болжээ.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж