
Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа нэгэн зүйл бол дээд боловсролын шинэчлэл юм. Боловсролын салбарт үгүйлэгдэж байсан энэхүү шинэчлэлийг нийгэм олон талаас нь харж байгаа. Өнгөрсөн намрын сүүлээр МУИС шинэчлэлийг сүр дуулиантай эхлүүлсэн. Тун удахгүй ШУТИС-д ч шинэчлэл өөрчлөлт явагдах гэж байна. ШУТИС-ийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх санал боловсруулах ажлын хэсэг хоёр сар гаруй хугацаанд судалгаа хийж ажиллажээ. Ажлын хэсэг нэгдүгээрт, Мэргэжлийн хөтөлбөрүүдийг олон улсын жишигт ойртуулах, бэлтгэн гаргах мэргэжлүүдийн талаар судалгаа явуулах. Хоёрдугаарт, гадаад орнуудын их дээд сургуулиудын бүтэц, зохион байгуулалтыг судлах. Гуравдугаарт, ШУТИС-ийн одоо байгаа бүтэц зохион байгуулалтын давуу, сул талууд, гадаад дотоод орчинд хэрхэн зохицож байгаа талаар судалгаа явуулах. Дөрөвдүгээрт, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хандлага боловсролын салбарт баримтлах бодлоготой уялдуулан хамт олон, эрдмийн зөвлөлийн дэргэдэх дэд зөвлөлүүдийн хурлаар хэлэлцүүлэн ажилласан байна. Эдгээр судалгааны дунд үндэслэн ШУТИС бүрэлдэхүүний 15 сургуулийг найм болгох хувилбарыг дэвшүүлээд байгаа аж.
Гол нь сургалт судалгааны чанарыг ахиулахад онцгой анхаарч, агуулгын өөрчлөлт гаргах, санхүүгийн оновчтой зохион байгуулалтын хэлбэрт шилжих, үүнтэй уялдан дүрэм, журмуудад өөрчлөлт оруулах, судалгааны их сургууль болох үндсэн зорилгоо хэрэгжүүлэхэд чиглүүлэх гэнэ.
Г.НАРАН