
Хоёр хоногийн өмнө шинээр сольж тавьсан байсан гэх бөгөөд энэхүү хэрэг явдал МИАТ болоод Иргэний нисэхийн байгууллагын хяналт шалгалт хэрхэн суларч нисэхийн аюулгүй байдал ямар төвшинд хүрсний илэрхийлэл гэж үзэх хүмүүс ч байгаа юм.
“Энэхүү ноцтой зөрчлийг иргэний нисэхийн удирдлага тас нууцлахыг оролдож байгаа аж. ИНЕГ-т С.Буяндалайг дарга болсноос хойш гэхэд л МИ-8 нисдэг тэрэг сүйрснээс авахуулаад онгоц агаарт хөөрсний дараа зорчигчдын салоны цонхны шил хагарсан, өрөөсөн хөдөлгүүр агаарт унтарсан, тосны савыг таглалгүй нисгэсэн гэх мэт шалтгаанаар олон удаа ослын буулт хийсэн, хоёр ч удаа бууж байгаа онгоцны өмнүүр нислэгийн зурвасан дээгүүр автомашин давхиулсан зэрэг нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаатай холбоотой ноцтой зөрчил дутагдал гарсан. Энэ бүхэн нь тус салбарын бодлого алдагдаж, нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаа ноцтой зөрчигдөж буйн тод жишээ” хэмээх дүгнэлтийг нэр хаягаа нууцалсан эх сурвалж хэлсэн байх юм.
Сүүлийн жишээ болгон нийтэд мэдээлсэн онгоцны дугуйны гэмтлийн талаарх мэдээллийг МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан үгүйсгээгүй байна. Тэрбээр Eagle.mn сайтал өгсөн ярилцлагадаа “Бид онгоцны дугуй үйлдвэрлэгч “Bridgestone”, “Dunlop”, “Goodyear” компаниас дугуй авдаг. Гэмтэл гарсан дугуйны хувьд 2013 оны тавдугаар сарын 25-нд үйлдвэрээс гарсан дугуй. Манай улсад мөн оны аравдугаар сард нийлүүлээд бид энэ нэгдүгээр сард агаарын хөлөгтөө тавьсан юм. Өөрөөр хэлбэл, зургаан удаа суулт хийсэн гэсэн үг. Хэрэг явдлын дараа ИНЕГ-ын Шинжлэн шалгах алба болон манай аудитын албаныхан үзээд үйлдвэрийн гологдол гэж оношилсон. Яагаад гэхээр энэ дугуйг нэгдүгээр сард тавиад гурав дахь удаагийнхаа нислэг дээр ийм асуудал үүссэн. Тиймээс бид тэр дугуйг үйлдвэр рүү нь буцаасан” гэжээ.
Дугуйнд үүссэн гэмтэл нь гэнэтийн зүйл бөгөөд Хонгконгоос Улаанбаатар руу нисэхийн өмнө тус улсын нисэхийн албаныхан шалгасан болохоор хүмүүсийн хэлээд байгаа шиг өмнө нь гэмтэлтэй байх, гэмтэлтэй дугуйтай нисэх ямар ч боломжгүй гэдгийг МИАТ-ын захирал тодотгожээ.