Их унтах, бага унтах адилхан хортой

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Их унтах, бага унтах адилхан хортой

Дунд эргэм насны хүмүүсийн хувьд шөнө зургаан цагаас бага эсвэл найман цагаас их унтах нь ав адилхан хортой гэнэ. Аль аль нь тархины үйл ажиллагааг сааруулдаг болохыг судлаачид тогтоолоо. Унтаж амрахтай холбоотой тархины үйл ажиллагааны сааралт хүнийг 4-7 насаар хөгшрүүлдэг байна.


“Хоногийн 24 цагийг бид аль болох амьдралын зөв хэвшил, хэмнэлд зохицуулах хэрэгтэй гэдгийг судалгаа харууллаа” хэмээн Лондонгийн анагаах ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн судлаач Жэйн Фэрри өгүүлэв. Хүмүүс ажил, амьдралын бүхий л зүйлийг амжуулахаар унтаж амрах цагаа хасах нь элбэг. Бүхнийг олж авах гэж тийнхүү тэмцэж байгаа мэт боловч эргээд ямар ч үнээр олж авч чадахгүй эрүүл мэнд, ой тогтоомжоо алдаж байгаа гэдгээ ухаардаггүй гэдгийг ч тэрбээр анхааруулав.


Шөнөдөө долоон цаг унтдаг хүмүүсийн аливаа мэдээллийг ойлгох, хүлээж авах, цээжлэх чадвар зургаан цаг унтдаг хүмүүсийнхээс мэдэгдэхүйц сайн байсан гэнэ. Харин долоогоос бага, наймаас их цаг унтдаг хүмүүс адилхан шахуу үзүүлэлт үзүүлжээ. Тэдний үзэж байгаагаар шөнө унтаж амрах хамгийн тохиромжтой хугацаа нь долоон цаг. Гэхдээ илүү цагаар унтах нь тархины үйл ажиллагааг яагаад сааруулдгийг тэд хараахан тогтоож чадаагүй байна. 1997 оноос эхэлсэн дээрх судалгаанд 35-55 насны 5430 хүн оролцжээ. Хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийхийг бид эрүүл амьдрахын үндэс гэж үздэг. Гэтэл нойр гэдэг эдгээртэй яг адил амин чухал хүчин зүйл гэдгийг судалгааны баг санууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж