
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон сар бүр сонин содон шинэ бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ сард тус театрынхан “Хунт нуур” бүжгэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барьсан. Тэгвэл ирэх сард тайзан дээр тоглох бүжгэн жүжгийнхээ талаар өчигдөр мэдээллээ. Энэ оны эхний шинэ уран бүтээл болох “Диваажин энд байна” модерн балетыг ирэх сарын 14, 15, 16-ны өдрүүдэд УДБЭТ-ын уран бүтээлчид, Португалийн нэртэй балетмейстер Хьюго Вератай хамтран шинээр тавих бөгөөд орчин үеийн модерн балетын гайхамшгийг мэдрүүлнэ гэдгийг бардам хэлж байна. Хьюго Вера нь анх 2012 онд Монголд ирж байсан. Тухайн үед модерн балетыг Монголын балетын жүжигчидтэй хамтран бүтээх талаар хэлэлцсэн аж. Одоо УДБЭТ-ын урилгаар СТА Д.Одсүрэн, балетмейстер багш Хьюго Вера, түүний менежер Мануэл Гросс, туслах Педро Сантос нар Монголд ирээд буй. Тэд бүжгэн жүжгээ тайзан дээр амилуулах ажилдаа аль хэдийнэ оржээ. Бүжгэн жүжгийн гол дүрүүдэд ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа монголын балетчин Д.Одсүрэн, УДБЭТ-ын гоцлол балетчин СТА Г.Батчимэг, СТА Б.Саруул, Э.Эрдэнэжаргал нар тоглохоор зэхэж байна. Д.Одсүрэн нь Хөгжим бүжгийн коллежийг балетын бүжигчин мэргэжлээр төгсөөд УДБЭТ-аас уран бүтээлийн гараагаа эхэлсэн залуу бүжигчин билээ. Сонгодог балет хэдэн зуун жилийн түүхтэй гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Сонгодог балетын өгүүлэмж нь тодорхой байдаг гэдгээрээ бусад төрлөөсөө ялгардаг. Харин модерн балет нь дэлхийн II дайны дараа үүссэн төдийгүй үзэгчдэд тухайн бүтээлийг олон талаас нь харж, өөрийнхөөрөө мэдэрч, таашаах боломжийг олгодог онцлогтой аж. Ийнхүү дуурийн театрын тайзан дээр диваажинг бүтээх нь.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин