&#34Лондон дахь ЭСЯ-ны дансыг хаасан нь терроризмтой холбоогүй&#34 гэжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

&#34Лондон дахь ЭСЯ-ны дансыг хаасан нь терроризмтой холбоогүй&#34 гэжээ

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (FATF) Монгол Улсыг санхүүгийн хувьд эрсдэлтэй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд оролцож байж болзошгүй гэж хардаж байгаа манай төрийн албан тушаалтнууд мэдэгдэж буй. Иймд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах ёстой гэсэн тайлбарыг  хийж буй юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “Энэ хуулийг батлах хэрэгтэй болчихоод байна. Бүр жишээ хэлэхэд, өчигдөр Лондон дахь Монголын Элчин сайдын яамны дансыг хаасан байна. Энэ бол эхний сануулга ч юм бил үү. Ямартай ч хаачихлаа л гэж байна. Энэ бол бодит аюул. Тиймээс энэ хуулийг дунджийг нь олж батлаад, дотооддоо ажил хэрэг болгохдоо зөөллөх ёстой гэж бодож байна” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан юм.

Гэвч Лондон дахь Монголын Элчин сайдын яамны дансыг хаасан нь дээрх Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох “FATF”-тай ямар нэг холбоогүй гэж тус элчин сайдын яамнаас хариу ирүүлжээ. “Манай улсын Лондон дахь Элчин сайдын яамны дансыг хаасан нь Монгол Улсын эсрэг чиглэгдээгүй” гэжээ. Энэ талаар Гадаад харилцааны яаманд тайлбар ирүүлсэн байна. Хариу тайлбарт “Зарим мэдээллийн хэрэгслээр 2014 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр гарсан “Лондон дахь Монголын ЭСЯ-ны дансыг хаажээ” гарчигтай мэдээллийн дагуу Лондон дахь манай ЭСЯ-наас дараах тайлбарыг гаргаж байна.

Лондон дахь ЭСЯ-ны данс нь HSBC банкинд байршиж байсан бөгөөд 2013 оны зургаадугаар сард HSBC банк нь тус банкинд данстай дэлхий даяар байршуулсан бүх дипломат төлөөлөгчийн газрын дансыг хаах шийдвэрийг гаргасан юм. HSBC банкны энэхүү шийдвэр нь Монгол Улсын эсрэг  чиглэгдээгүй бөгөөд уг шийдвэрийн дагуу зөвхөн Лондон хотод л гэхэд 40 орчим гадаадын дипломат төлөөлөгчийн газар дансаа хаасан болно. Тус ЭСЯ нь өөрийн дансыг 2013 оны есдүгээр сараас өөр банкинд шилжүүлэн нээсэн бөгөөд эдүгээ үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна” гэжээ.

Т.АМАРТҮВШИН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж