Ардын намын эмэгтэйчүүд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Ардын намын эмэгтэйчүүд хуралдаж байна

Ардын намын эмэгтэйчүүд хуралдаж байна. МАН цөөнх болсноос хойш хийж буй шинэчлэлийн нэг хэсэг нь өнөөдөр хуралдаж буй намын дэргэдэх бүтцийн  байгууллагуудын асуудал. Эмэгтэйчүүдээрээ түүчээлж байгаа нь магадгүй тэдний санаачлагаас үүдэлтэй байх. Учрыг Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д. Оюунхорол ажлаа өгөх болсноор тайлбарлаж болно. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд  даргын зэрэгцээ  Их хуралд  олон удаа сонгогдож, нам, төрийн ажлыг хослуулан хашиж яваа. Энэхүү ачааллаа дундалж, намын ажлаа өгье гэж тэр хэлсэн. Энэ үүднээс авч үзвэл Ардын нам дотоод асуудалдаа ач холбогдол өгч байна гэж ойлгож болно. Ачааллыг дагнаж, хариуцлагыг тодорхой болгож байна.

Хэдийгээр Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар олон  зүйлийг хийж байгаа гэх боловч эдийн засаг муу, инфляци 14 хувьд хүрсэн нь олон нийтийн бухимдлыг  төрүүлж байна. Энэ байдлыг МАН олонтаа хэлж, улс  нийгмийн асуудлын талаар санаа бодлоо илэрхийлж буйг энд дурдах нь зүйтэй байх. Тэр ч утгаараа намынхаа дотоод асуудлыг ачаалалтай холбож тайлбарлаж байгаа бөгөөд олон нийт сөрөг хүчнийг сайн ажиллаасай гэж хүсч байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, МАН дахь шинэчлэлийг анхааралтай ажиглаж буйг мэдэрсний нэг илрэл гэж тайлбарлаж болно. МАН-даа ч гол нь биш ерөөс сөрөг хүчнээс гарах энгийн нэгэн илэрхийлэл энэ ба тэд өөрсдийгөө хэрхэн авч явахаас дараа дараагийн тухайлбал, төрийн ажилд хандах хандлагын томоохон үзүүлэлт байж болно. Онолын үүднээс авч үзвэл засаглалын хуваарилалт дахь сөрөг хүчний байр суурь нийгэмд нөлөө үзүүлдгийг бодолцсоны хэлбэр гэж тайлбарлахад буруудахгүй.

МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагыг хэн авч болох талаар хэвлэлүүд мэдээлсэн. Ц.Цогзолмаа, Б.Ундармаа нарын дунд өрсөлдөөн явагдах аж. Д.Сарангэрэл, П.Анужин гэх мэт нэрс дурдагдсан нь хэвлэлүүдийн таамаг төдий. Учир нь, МАН шинэчлэлдээ ачааллыг тэнцүүлэх товчхондоо  дан дээлтэй “махийтал” ажиллах гэж байна гэж харвал Удирдах зөвлөлийн гишүүдээ сойх бодлого бариагүй нь тодорхой.

Намын нөлөөллийг тэр дундаа МАН, түүний эмэгтэйчүүдийн байгууллага нийгэмд тэгтлээ нөлөө үзүүлэх эсэхийг хэрхэн ажиллахаас харж болно. Эх хүнээс төрөөгүй хүн  энэ дэлхий дээр байхгүйтэй адил эмэгтэйчүүдийн асуудлыг анхаарахгүй байхын аргагүй. Тэр ч үүднээс Монголын нийгэмд нөлөө бүхий том намын эмэгтэйчүүдийн байгууллагын толгойг хэн авахыг хүссэн хүсээгүй судлаачид, улс төр сонирхогчид төдийгүй иргэд анхаарч байна.

МАН нэр авснаасаа хойш анх удаа сөрөг хүчин болж буй энэ намын үйл хөдлөлийг ажиглахад  алдаагаа засах гэж оролдож байгаа. Ямар алдаа гаргасныг нурших нь  илүүц байх. Хамгийн гол гишүүдийнхээ дургүйцлийг хүргэсэн нь сүүлийн жилүүдэд мөнгөн бороо оруулсан, зүтгэж, мөлхөснөө үл тоох болсон явдал. Бүлэглэл, санхүүжүүлэгч, кранаар татуулсан гэсэн нэр томъёо гарах болсон, удирдлага ийм зүйлийг нэвтрүүлсэн нь нь гишүүдийнхээ дургүйцлийг төрүүлсэн. Хүчээ сарниулсан, ялагдахад хүргэсэн гэдэг дээр шинэ, хуучингүй санал нэгдсэн аж. Тийм ч учраас намдаа туссан энэ өвчнийг анагаахад эмэгтэйчүүд нь манлайлж, энэ удаагийн намын дэргэдэх байгууллагуудын шинэчлэлийг эхлүүлж буй аж. Тийм ч  хэрсүү ухаанаар Монголын улс төр дэх мөнгөний урсгалыг зогсоож, үнэт зүйл, үзэл бодлын нэгдлээр түүчээлэхээр болсон гэж хуралд оролцогчид ярьж байна.

Б.УУГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж